Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.09.09 10:09
677
Францын Засгийн газар сахилга баттай төсөв санал болгосныхоо төлөө огцорлоо

Францын Үндэсний Ассамблей өчигдөр /2025.09.08/ Ерөнхий сайд Франсуа Байру-гийн Засгийг итгэлцлийн саналаар огцрууллаа. 364:194 харьцаатай саналаар унасан Байру албан тушаалаа өнөөдөр албан ёсоор өгнө.

Байругийн Засаг зардлыг дорвитойхон танаж, өрийг бууруулах хатуу төсөв оруулж ирсэн бөгөөд үүнийгээ парламентаар батлуулахын тулд итгэлцлийн санал оруулсан. Гэвч энэ санал нь улс төрийн зөрчилдөөнд хүргэж, неолибералиуд болон зүүний үзэлтнүүд нэгдэн эсэргүүцсэн тул Байругийн “итгэлцлийн” санал бүтэлгүйтсэн юм.

Одоо ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Шинээр байгуулагдах засаг ч мөн тогтвортой ажиллахад хэцүү байх болно гэдгийг улс төр судлаачид хэлж байна. Учир нь Францын төсвийн дарамт, өрийн түвшин, эдийн засаг, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд дарамт үзүүлэх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Францад Ерөнхий сайд нь өөрөө "Итгэлцлийн" санал хураалтыг санаачлан оруулдаг бол манайд бусад субьект буюу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс багагүй гишүүдийн саналаар эсвэл Ерөнхийлөгчийн саналаар хэлэлцдэг. Үүний нэг жишээ бол Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүдийн санаачилгаар парламент хэлэлцэж, огцруулсан юм.