Э.Ирэхбаяр
Редактор
Орон нутаг
2025.09.09 10:47
1829
Хатуу нөхцөлтэй малын индексжүүлсэн даатгалыг малчдад ээлтэй болгох бодлого дутагдаж байна

Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн байх тул малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэсэн мэссэжийг төрөөс иргэддээ өгсөн.

Хот нь харласан ч зориг нь мохоогүй тал нутгийн малчид

Цаг хугацааг ухрааж, нэхэн саная. 2023-2024 оны өвөл бүх нутгаар, ялангуяа зүүн бүс нутгаар цочир хүйтэрсний улмаас мянга мянган малчин өрхийн хот харласан гунигт дүр төрх санаанд тодхон байна. Миний бие хаврын эхэн сарын эхээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлийнхний хамт тус аймгийн Баруун-Урт сумаас зүүн хойш 120 км хүртэлх зайд нутаглаж байсан хэд хэдэн хот айлаар орж, тусламжийн бараа хүргэнгээ малчидтай ярилцаж явсан юм.

Тэгэхэд цасан дундаас цухуйх гэрийн тооно, малтаж гаргасан зам, цасан хонгил, цасан шат... Очсон хот айл бүрд иймэрхүү дүр зураг биднийг угтаж байлаа. Өвөлжин цасаар шуурсан, залгуулаад хаврын хавсарган салхи ч бас цасаар булсаар байгаа болохоор малчид цасаа цэвэрлэж дийлэхгүй, үүдэн хэсгээ л нүхэлж, орж гарах хонгил, шат гаргасан нь тэр. Угаасаа тал нутагт нөмөрлөчихөөр юм үгүй тул цасан шуургыг торгоох зүйл үгүй. Ямартаа л “Урь орж, шар усны үер болохоос өмнө гэрээ сугалаад зөөнө дөө” гэж малчид ярьж байх вэ дээ. Хунгарласан тэр их цасыг цэвэрлэснээс гэрээ сугалж зөөх нь арай хялбар байсан хэрэг.

Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь малчин айл бүрийн гадаа цасан дор булагдсан малын сэг зэм бөөн бөөнөөрөө хөл дор хөглөрч байлаа. Нүд хальтрам тэр дүр зургийг бодох төдийд хүйт даадаг юм.

Тэгэхэд уулзсан малчин бүр л “Ийм хатуу өвлийг энэ яваа насандаа үзсэнгүй.” хэмээн шогширч байсан ч араас нь “Амьд хүн аргатай, болох л байлгүй дээ. Үлдсэн хэдээ л онд мэнд оруулчих юм сан” гэхээ бас мартахгүй байв. Тийм байгаасай гэж өөрсдөдөө итгүүлэхийг хүссэн үү, аль эсвэл амны бэлгээ ч бодсон биз. Ямар их сэтгэлийн тэнхээ вэ гэж би хувьдаа бахдан бодож байсан юм даг.

Хангалттай өвсний нөөц, дулаахан малын пүнз

хахир өвлийг давахад тусална

Бидний уулзсан малчин өрхүүд тэр өвөл 300-600 боодол өвс, тонн орчим хивэг бэлдсэн ч хаанаа ч хүрэлгүй дууссан гэдгээ хэлж байсан. Уг нь орон нутгийн зүгээс малчдад тодорхой хэмжээний талбайд хувийн хэрэгцээний өвс тэжээл бэлтгэхийг зөвшөөрдөг. Гэхдээ сүүлд гаргасан журмаараа зөвхөн хадлангийн машин техниктэй хүмүүст л өвс бэлтгэх зөвшөөрөл өгдөг болсон аж.

Тэгэхээр цаашид малчид маань хэдэн гэр, хот айлаараа хоршоод, хадлангийн зориулалттай машин техник зээлээр ч болов худалдаж аваад, намартаа өвс тэжээлээ сайтар бэлтгэвэл худалдаж авснаас өртөг зардал нь багасаж, илүү ихийг нөөцлөх боломжтой гэдэг нь харагдаж байв.

Мөн малын пүнз, хашаа саравчаа илүү сайн дулаалах шаардлагатай санагдсан. Ой модгүй, тал нутаг болохоор барилгын материал олдоц хомс, худалдаж авахад үнэтэй байдаг биз. Гэхдээ л яаж ийгээд нэг сайн дулаалаад авахад олон өвлийг өнтэй давахад нэмэр болох биз ээ гэсэн бодол төрж байсан юм. 

Энэ бүхнийг нуршихын учир саяханы энэ түүх битгий давтагдаасай, малчид маань бэлтгэлтэй байгаасай гэснийх.

Малчдадаа хүрдэггүй малын индексжүүлсэн даатгал

2023 онд улсын хэмжээнд 2382 өрх Малын индексжүүлсэн даатгал /МИД/-д хамрагдаж, 100 хувь даатгуулсан байсан. Даатгуулагчдад 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосны 4.1 тэрбум төгрөг нь Сүхбаатар аймагт зарцуулагдсан байдаг. Нийт нөхөн төлбөрийн 25 орчим хувь нь ганцхан аймагт ногдож байна гэдэг тэр өвөл сүхбаатарчуудад хичнээн хүнд туссаны бас нэгэн нотолгоо биз ээ. Нөгөөтэйгүүр, 2382 өрх гэдэг бол нийт малчин өрхийн дөнгөж нэг хувь. Үлдсэн 99 хувь нь яагаад МИД-д хамрагдахгүй байна вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Энэ нь босго үзүүлэлттэй холбоотой гэдгийг малчид хэлдэг. Тодруулбал, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд даатгуулагчийн эрсдэл хүлээх босго үзүүлэлтийг зургаан хувиар, даатгагчийн эрсдэл хүлээх босгыг 30 хувиар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн жил тухайн сумын нийт малын зургаагаас багагүй хувь нь хорогдсон бол малчид нь нөхөн төлбөр авах эрх үүсэж байгаа юм. Хорогдлын хэмжээ 30 хувиас давсан бол даатгагч 30 хувьд ногдох нөхөн төлбөрийг л өгнө, илүү хорогдлыг тооцохгүй гэсэн үг.

Энэ хувь хэмжээг Засгийн газар гурван жил тутамд шинэчлэн тогтоох бөгөөд хорогдсон малын доод босгыг нэг хувиар, “тааз”-ыг таван хувиар нэмж эсвэл хасаж болохоор хуульчилсан байгаа юм. Тэгэхээр энэ боломжийг ашиглаж, эхний ээлжид доод босгыг бууруулж, дээд босгыг нэмэгдүүлж, малчдад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр, уг даатгалын хувь хэмжээг бууруулах асуудлыг ч авч үзэх ёстой. Өнөөдрийн байдлаар МИД-ын шимтгэл 6-8 хувь байна. Энэ нь хэр их тоо болохыг ойлгохын тулд жишээ авч, бодож үзье.

500 хоньтой малчин 100 хувь даатгалд хамрагдахын тулд зургаан сая орчим төгрөг даатгалын шимтгэлд төлөх нь байна. Тодруулбал, нэг хонины үнийг зах зээлийн дундаж үнэ болох 200 мянган төгрөгөөр тооцоход 100 сая төгрөг болно. Үүний зургаан хувь нь зургаан сая төгрөг болно гэсэн үг. Гэтэл 500 хоньтой малчин ийм хэмжээний хураамж төлөх чадамж бараг л үгүй дээ. Өдий тооны малтай өрх малын гаралтай түүхий эдээ борлуулж олдог жилийн орлого л таван сая орчим байна гэсэн тооцоо байдаг шүү дээ. Тэгэхээр даатгалын шимтгэл ч мөн өндөр байгааг харуулж байгаа юм.

Ийнхүү хөрсөн дээрээ буугаагүй Малын индексжүүлсэн даатгал нь зорилтот бүлгээ бүрэн хамруулж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Үр дүнд нь эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай монголын нөхцөлд байгалийн гамшиг, зуднаар малаа барсан малчид хохирсоор байна.

Нүүдэлчин соёлоо өвлөн тээж, хүн амаа мах, сүүгээр хангаж, өргөн уудам газар нутгаа эзэнтэй байлгаж, сахин хамгаалж байгаа малчдын орлогын эх үүсвэрийг баталгаажуулах, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэхгүйн тулд малын даатгалын бодлогоо төр эргэн харах ёстой.