Энэ өдөр /2025.09.09/ Эрүүл мэндийн яаманд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн зөвлөх Д.Баярсайхан болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам нар илтгэл танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид салбарын тулгамдсан дөрвөн үндсэн асуудлыг бүлгээр хэлэлцэж дараах санал, санаачилгуудыг гаргав.
Хэрэгжилтийн эрх зүйн орчны бэрхшээлийг арилгах нь
Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлалууд боловсронгуй бус, байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй байгаа нь салбарынхны хувьд томоохон хүндрэл болж байгааг оролцогчид онцоллоо. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн (НЭМ) “эрт илрүүлэлт” болон “урьдчилан сэргийлэлт” гэсэн ойлголтыг хуульд ялгаж заагаагүй байгаа нь хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буйг тэмдэглэв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд урьдчилан сэргийлэх үйлчилгээг уялдуулах шаардлагатайг дурдаж, ирээдүйд тус үйлчилгээг тогтмол хянах, үнэлэх эрх зүйн механизм бий болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэцгээлээ.
Дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн асуудал
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн асуудал чухал нөлөөтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид тодотгосон юм.
ХӨСҮТ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг үндэсний төвүүдийн их засвар, шинэчлэл удаашралтай байгааг дурдан, улсын төсөвт тогтвортой тусгаж өгөхийг санал болгов. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд зориулсан санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хөндлөө.
Хүний нөөцийн хувьд орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлын нөхцөлийг сайжруулах, цалин хөлсний ялгаатай байдлыг арилгах, бодлогын түвшинд цогц шинэчлэл хийх хэрэгцээ байгааг онцлов.
Олон нийтийн оролцоо, тэгш хүртээмж
Иргэдэд хүрэх НЭМ-ийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймд үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд амьдралынхаа туршид тасралтгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.
Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдэд зөвхөн онош тавиад зогсохгүй, НЭМ-ийн мэргэжилтнээр зан үйлийн зөвлөгөө өгөх тогтолцоог бий болгох нь иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг зөв чиглүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Мөн хуульд туссан “тэгш хүртээмж”-ийн заалт хэрэгжихийн тулд төсөв, хүний нөөцийн бодлого, орон нутгийн ялгаатай байдлыг бодитоор арилгах механизм шаардлагатай гэж дүгнэв.
Аймаг, дүүрэг, суманд НЭМ-ийн үйлчилгээ
Орон нутаг дахь НЭМ-ийн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодит үр нөлөөний талаар ч хэлэлцүүлэгт оролцогчид тодорхой саналууд гаргалаа. Аймаг, дүүрэг, сумын төвүүдийн чиг үүргийг тодорхой болгож, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй гэж үзэв.
Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэйг санал болголоо. Үүнтэй уялдуулан хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт болон “discharge plan”-ийн хэрэгжилтийг бодит болгох, НЭМ-ийн “гурвалжин”-г зөв хөгжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Энэхүү хэлэлцүүлгээр оролцогчид НЭМ-ийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, санхүүжилт, дэд бүтцийг тогтвортой хангах, хүний нөөцийн уян хатан, шударга бодлого хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоо, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитой дэмжих нь зайлшгүй гэдэг дээр санал нэгдэв. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжийг бодитойгоор нэмэгдүүлэх юм.