Санхүү авна гэх зарын дагуу үл таних этгээдтэй холбогдон, уулзаад дээрэмдүүлж зодуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Энэ оны 9-р сарын 4-ны өдөр иргэн Н цахим орчинд байршуулсан санхүү авна гэх зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд очиж зодуулж, дээрэмдүүлсэн гэх дуудлага өгсөн байна.
Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах.....дугаар тоот байранд очиход эрэгтэй, эмэгтэй дөрвөн хүн дүрс бичлэг хийнэ гэж дарамталж, бие мах бодид нь халдаж автомашин, гар утас болон бусад үнэ бүхий эд зүйлийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Цахим орчинд энэ төрлийн зар байршуулж гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хувийн эмзэг мэдээллийг нь олж авч айлган сүрдүүлэх гэмт хэрэг гарсаар байна. Тиймээс энэ төрлийн зарын дагуу бусдын заасан хаяг байршилд очихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.