Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарт зодуулсан хохирогч Д.С-ийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавих шүүх хурал боллоо. Бид хохирогч хүүгийн ааваас үүсээд буй асуудлыг хүрээнд багахан тодруулга авсныг хүргэж байна.
Яллагдагчийн ар гэр, ах дүү нар цахим орчинд зөрүүтэй мэдээлэл явуулж байна. Тодруулбал, "Зодуулсан гэх хүү эрүүл саруул, эдгээд ирсэн" гэх мэдээлэл тарааж байна. Миний хүү өмнөх шиг ээ эрүүл саруул болж эдгэх ямар ч боломжгүй гэмтэл авсан.
Сая Солонгос улсад зөвхөн нүүрэн дэх хугарсан яснуудыг нь наашлуулж, эвлүүлж, хадсан. Нүүрний хагалгааны эдгэрэлт явагдаж байгаа учраас дараагийн хагалгаа 6-8сарын дараа болно. Одоо тархинд нь үүссэн цус хуралтыг шимэгдүүлэх эмчилгээ, нүдний харааны эмчилгээнүүд хийгдэж байгаа. Ингээд хэд хоног гэртээ ирээд тэнхрээд, бүтэн сайн өдөр эргээд эмнэлэг рүүгээ явах ёстой.
Гэтэл, манай хүүхдийг бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн, яллагдагчаар татаад хилийн хориг тавих шүүх хурал боллоо. Тухайн үед биеэ хамгаалахдаа юм уу, зугтах гэж байх үед нь хүмүүс таксинаас татаж буулгах үед юм уу ямар нэг байдлаар хөнгөн бэртэл учирсан байж болно. Үүнийг цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь олох байх. Харин хилийн хориг гэдэг бол арай дэндүү хэрэг. Хилийн хориг тавигдчихвал гадагшаа эмчилгээнд явах боломжгүй болно. Ганц удаагийн эмчилгээ биш, байнгын хяналттайгаар хийгдэх эмчилгээ, хагалгааны үед хилийн хориг тавихгүй гэж найдаж байна.
Миний хүүгийн сэтгэл зүй маш хүнд байгаа. Сургуулиа төгсөөд эх орондоо ажил төрөл хийнэ гэсэн мөрөөдөж явсан хүсэл зориг нь хэдий хугацаагаар ч юм хойшиллоо шүү дээ. Цаашдаа ямар хүндрэл тохиохыг хэлж мэдэхгүй юм. Мөн тухайн залуусыг эцэг эх надтай уулзсан, эмчилгээний зардлыг эмнэлэг рүү шилжүүлж байгаа.
Хүн хэрэг хийсэн бол ял, гэмээ хүлээх л ёстой. Хэдийгээр тэр хүмүүс хэчнээн мөнгөтэй, эрх мэдэлтэй байсан ч энэ бүх шударга бус зүйлсийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн үзэл санааг худалдаж авч чадахгүй гэдэгт итгэж байна.