Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.09.11 12:39
1755
Хохирогчгүй хэргийн шүүх хуралдаан буюу Н.Алтанхуяг нарыг яллах ээлжит оролдлого

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын нэр бүхий 41 иргэн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны хэргийг шүүх хуралдаан БЗД, СБД, ЧД-ийн анхан шатны тойргийн шүүх дээр үргэлжилж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр нарыг Засгийн газрын гаргасан “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай”  256 дугаар тогтоол, “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тухай” 299 дүгээр тогтоолоор буруутгаад байгаа.

Шүүх хурлын үеэр Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхдөө “ЗГ-ын 299 дүгээр тогтоолыг үндэслэн намайг буруутгадаг. Тэр нь бүтэлгүйтээд ирэхээр 256 дугаар тогтоолоор яллах гэж оролдож байна. Нүдэнд чинь харагдаж байгаа гэрэл цахилгаан, машины чинь дор чихарч байгаа зам, жижиг, дунд үйлдвэрүүд гээд олон зүйлийг “Чингис” бондоор бүтээсэн. Гэтэл “Чингис” бондыг Н.Алтанхуяг болон АН-ынхныг намнах хэрэгсэл болгож ирлээ. Хүнийг айлгаж, хөтөлж, тулгаж байгаад золигт гаргах хүнийхээ нэрийг хэлүүлдэг технологийг манай хүчнийхэн ашигладаг. Би цаашид дахин олон хүнийг хэлмэгдүүлсэн дурсгалыг тэмдэглэмээргүй байна.” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин Н.Батбаяр “Говийн замыг нэг км-ыг нь ойролцоогоор 700 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэр замаар монголын нүүрсний экспортын 50 хувь тээвэрлэгдэж байгаа. Монголчууд энэ замаар доллартай, орлоготой болж, төсвийг бүрдүүлж байгаа, та бүхэн цалинжиж байгаа. Өндөр үнээр хулдалдаж авсан гэдэг асуудал ярьдаг. Тэгвэл тухайн үед хөдөөгийн замыг нэг км-ыг нь 530 сая төгрөгөөр тавьдаг байсан. Энэ хоёрын хооронд зөрүү гарч байгаа нь үнэн. Гэхдээ говийн зам бол хүнд даацын, тусгай зориулалттай зам. Шинэчлэлийн Засгийн газар “Монроуд”-ын 100 км замыг бас худалдаж авсан. Хөдөөгийн зам км нь 530 сая төгрөгөөр босдог байхад 463 сая төгрөгөөр худалдаж авсан. Баруун аймаг руу явж байгаа гол зам болсон. 15 жил ашиглаж байна. Энэ хоёр замыг бүтээсэн нь, авсан нь зөв байжээ гэдгийг цаг хугацааны шалгуур харуулсан.  175 тэрбум төгрөг зарцуулж, хүүнд нь 40-50 тэрбум төгрөг төлсөн ч гэсэн эргээд 600-700 тэрбум төгрөг олсон зам. Хөгжлийн банк өөрсдөө хохиролгүй гэж хэлсэн. Хохирогчгүй хэрэг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монгол Улсад шинээр 3000 км авто зам тавьсан. Гэтэл 2012 оныг хүртэл манай улсад тавигдсан нийт замын урт 3000 км хүрэхгүй байсан. Хоёрхон жилийн дотор 90 жил тавьсан замыг “дабльдаж” тавих тэр шийдвэрийн төлөө өнөөдөр биднийг буруутгаж сууж байгаадаа ичих хэрэгтэй.” хэмээн өгүүллээ.

Энэхүү шүүх хуралд Шинэчлэлийн Засгийн газрын гурван сайдаас мэдүүлэг авахаар дуудсан. Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар ирж, мэдүүлэг өгсөн ч Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баярсайхан ирсэнгүй. Тэрээр барилгын арматурын үйлдвэр байгуулахаар зээл авсан “Бэрэн” компанийн асуудлыг хариуцаж байсан Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан болохоор тухайн үеийн нөхцөл байдлыг хамгийн сайн тайлбарлаж чадах хүн мөн. Гэтэл тэр ирсэнгүйг Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлах хүмүүс байна. Учир нь Ц.Баярсайхан бол Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр Н.Алтанхуягийн хэлсэнчлэн түүнийг сонгууль болохоор л хэрэгт холбон шалгадаг, захиалагч нь Ц.Элбэгдорж болохоор өөрийн хүнийг сугалж үлдэх гэсэн оролдлого байж болох юм. 

Шүүх хуралд “Шинэчлэлийн” Засгийн газрын Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нар ирж, эрх, үүргийнхээ хүрээнд хариуцан гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдүүлэг өгсөн юм.