
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mining Week & Mine-Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн дор Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдэл бүрэлдэхүүн 31 хуулийн этгээд, төслийн нэгжийн хамтаар оролцож, стратегийн чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Эрдэнэс Монгол нэгдэл нь уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа стратегийн орд газартаа тулгуурлан 6 байршилд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус арга хэмжээний үеэр Эрдэнэс Монгол нэгдлийн асраар Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс зочилж, бүрэлдэхүүн компаниудын үйл ажиллагаа, онцлох ажлуудтай танилцлаа.
Нэгдлийн асрын үндсэн арга хэмжээг нээж, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлсэн үгэндээ “Эрдэнэс Монгол нэгдэл энэхүү арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа нь хамтын хүч, нэгдмэл оролцоог тодотгон харуулахын зэрэгцээ уул уурхайн салбарын оролцогчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд стратеги, үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулах чухал боломж юм” хэмээн онцоллоо. “Mining Week & Mine-Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы Эрдэнэс Монгол асарт хөтөлбөрийн үндсэн илтгэл, хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.