Балба улсын Засгийн газраас facebook, Instagram, X, youtube.com, гэх мэт дэлхий даяар ашигладаг 20 гаруй томоохон нийгмийн сүлжээг хаасан нь олон нийтийн, ялангуяа залуу үеийнхний дургүйцлийг төрүүлснээр өнөөгийн бослого, мөргөлдөөн үүссэн.
Уг нь залуучууд эсэргүүцлээ тайван жагсаалаар эхлүүлсэн ч Балбын Засгийн газрын тушаалаар хүчнийхэн шууд нулимс асгаруулагч, бороохой зэрэг зэвсэг хэрэглэн, жагсаалыг үймээн болгож, улмаар мөргөлдөөнд шилжсэн юм.
Бараг ухаан орохдоо л нийгмийн сүлжээг ашиглаж эхэлсэн GenZ үеийнхнийг сошиол платформгүйгээр амьдар гэж захиргаадсан нь тэдний хувьд хүлцэн тэвчиж боломгүй шийдвэр байх нь ойлгомжтой. Гэхдээ Балбын ЗГ-ын энэ шийдвэр нь тус улсад авлига цэцэглэж, ажилгүйдэл гаарч, үеийн үедээ хөдөлмөрийн мөлжлөг дор ядуу тарчиг, хүчний байгууллагынхны хүчирхийлэл дор айдастай амьдарч ирсэн балбачуудын цөхрөл, бухимдал тэсрэх шалтгаан болсон юм.
Балбын нийслэл Катманду болон бусад томоохон хотуудад мянга мянган залуус хүч түрж, парламент болон зарим томоохон байгууллагууд руу дайран, галдан шатааж эхэлсэн. Гэхдээ хохирлын хэмжээг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Энэ бослогоос өмнөх хэдэн сарын хугацаанд ч протестантуудын хорлон сүйтгэх ажиллагаануудад удаа дараалан өртөөд байсан Балба улс ийнхүү эдийн засгийн хувьд асар их хохирол амсаад байгаа юм.
Засгийн газраас цэрэг, цагдаа болон онцгойгийн алба хаагчдыг дайчилж, зарим бүсэд хөл хорио тогтоох, нисэх онгоцны буудлыг түр хаах зэрэг арга хэмжээ авсан ч бослогыг хяналтдаа авч чадаагүй. Ерөнхий сайд К.П.Шарма Оли ажлаасаа огцорсон. “Дайны хажуугаар дажин” гэгчээр босогчид шоронд хүртэл халдсанаар хоригдлууд оргосон нь хууль сахиулахынханд маш их ачаалал үүсгэд байна.
Энэ 9 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 34 хүн амь эрсэдсэн, хэдэн зуун хүн шархадсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Гэхдээ энэ нь баталгаатай дүн мэдээ биш. Угаас ийм эмх замбараагүй байдлын үед нэг тоон мэдээлэл гаргах бараг боломжгүй л дээ.
Нийгмийн сүлжээг нээлттэй үлдээхийн төлөө жагсаалаар тэмцлээ эхлүүлсэн залуусын шаардлага улам өргөн цар хүрээтэй болж, одоогийн байдлаар парламентыг огцорч, ээлжит бус сонгууль явуулах, мөн Үндсэн хуулийг шинэчлэх шаардлага болон хувирсан юм. Үндсэн хууль гэдэг бол төр байгуулдаг ганц хууль. Тийм ч учраас аливаа улсын тогтолцоог засаж сайжруулъя гэвэл Үндсэн хуульд гар хүрэхээс өөр аргагүй.
Балбын залуучуудын энэхүү эсэргүүцлийн жагсаал, бослого нь гаднаас санхүүжилттэй байх вий, өнгөт хувьсгал болох вий хэмээн болгоомжлох ажиглагчид ч байна. Ямартай ч АНУ-аас цэргийн хүч оруулж, хяналт тогтоох нь тодорхой болоод буй.
Монгол Улсад өрнөж байгаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь Балба улсаас дээрдэх юмгүй, гэтэл манай залуус тэднээс өндөр боловсролтой байж, нийгмийн идэвхгүй, тэмцэж чадахгүй байна хэмээн шүүмжлэх улс байна. Нөгөөтэйгүүр, энэ улсад болж байгаа үйл явдлыг нийгмийн сүлжээнд идэвхтэй нийтэлж байгаа зарим залуусыг монголчуудаа өнгөт хувьсгалд уруу татаж байна хэмээн буруутгах иргэд ч байгаа юм.
Ийнхүү Ази тивийн өмнөд хэсэгт Хималайн нурууны өвөр бэлээр Хятад, Энэтхэг гэсэн том гүрний дунд уртаашаа 800 км, өргөөшөө 250 км, манай Өмнөговь аймгаас бага буюу ердөө 147,181 хавтгай дөрвөлжин газар нутагтай ч 26 сая хүн амтай энэ улсад үүсээд буй нөхцөл байдал дэлхийн анхаарлын төвд байсаар байна.