УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүсээд буй асуудлуудын хүрээнд шуурхай мэдэгдэл хийлээ. Мөн тэрбээр, МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, парламентын дархлааг хадгална хэмээв.
Д.Амарбаясгалан: Энэ сарын 15-нд намрын Чуулган нээлтээ хийх гэж байна. Миний хувьд, 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг МАН-ын ЕНБД-аар ажиллаж байхдаа санаачилж байсан. МАН хэдий 2 ч удаа үнэмлэхүй ялалт байгуулж байсан ч, нэг намын дарангуйлал тогтох эрсдэлээс урьдчилан сэргийлж, парламентад олон намын оролцоо хангах зорилгыг агуулж байсан.
Бид ирэх намрын Чуулганаар томоохон зорилгыг тавьж ажиллана. Өмнөх УИХ-аас ялгаатай нь 4 жилийн төлөвлөгөөг биш стратегийн албыг баталж, хүн төвтэй эрх зүйн орчныг бодитой бий болгоё, социалист нийгмээс бүрэн салах шаардлагатай байна.
Олон янзын судалгаа болон иргэдтэй хийсэн уулзалтуудаас дүгнэхэд, Монголын асуудал Төр өөрөө болсон байна. Төр өөрөө иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үед парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрч, төрийн сул тал бүрийг засах шаардлагатай.
Нэгдүгээрт, Төрийн данхайсан бүтцийг өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс улбаатай төрийн энэ бүтэц өнөөдөр нийгмийн асуудал болсон байна. Олон агентлаг, ашиггүй ажиллаж байгаа орон нутгийн төрийн өмчид үйлдвэрүүдийг цэгцлэх цаг болсон. Хоёрдугаарт, УИХ-ын хаврын чуулган Төрийн процессын дахин инженерчлэлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталж, ЗГ-т тогтоолоор үүрэг өгсөн. Олон мянган давхардсан, шаардлагагүй процессуудыг бид үгүй хийх ёстой. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө УИХ хяналт тавьж ажиллана.
Засгийн газраас өргөн мэдүүлэхээр бэлдэж байгаа Татварын багц хууль иргэдэд ээлтэй байж чадахгүй гэж харж байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн үндсэн зорилго ард иргэд, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Иймд УИХ эдгээр асуудлуудад анхаарч ажиллана.
Мөн, Монгол Улсад хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Манай улс хоёр их гүрний дунд оршиж байгаагийн хувьд бид парламентын засаглалаа бэхжүүлэх учиртай. Хуулийн дор хүн бүр эрх тэгш оршдогийг цогцлоон хөгжүүлэх ёстой.
Иймд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, ард иргэддээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшинэ.
ШУУД ҮЗЭХ: