Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.09.15 10:24
730
Ц.НЯМДОРЖ: Нууц гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа хэвлэлд хэргийн материалыг өгч, мөрдөн байцаах ажлыг будлиулчихдаг

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь тодрууллаа.

МАН хэзээ Бага хурлаа хийж, даргаа сонгох гэж байна вэ?

Одоо чуулган эхлэхээр хурлаа товлох байлгүй дээ. Хурлаа хийгээд л аль нэг нь дарга болчихно. Би бол нэг их санаа зовохгүй байна. Иймэрхүү асуудал өмнө нь ч байсан, социализмын үед ч байсан.

Ардчилсан улсад прокурорын байгууллага нээлттэй ажиллах ёстой. Прокурорын дэргэдэх мөрдөн байхгүй болсноос хойш хаалттай болсон. Та салбарын сайд хийж байсан хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах ажлыг би гардан боловсруулсан юм. Шүүгч, прокурор, цагдаа нарыг шалгадаг байгууллага байх ёстой гэж үзээд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг байгуулсан. 2014 он хүртэл ажиллаж байсан. Тэгээд татан буулгасан. Би бол байх ёстой гээд хуулийг нь санаачилсан. Гэхдээ миний санаанд хүрч ажиллаагүй. Улс төрийнхөн хууль хяналтынхны ажилд хутгалддагаас болж үйл ажиллагаа нь саармагжсан.

Хэрэг мөрдөх ажилд мэдээлэх суваг гэж байдаг. Түүний зөвшөөрлийг прокурор өгдөг. Мэдээллийг хамаагүй дэлгэчих юм бол мөрдөн байцаах ажилд саад болж, улмаар замхрах явдал гардаг. Тиймээс мөрдөн байцаах газрууд прокуророос зөвшөөрөл авдаг.

Нууц гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэж байгаа улс шар хэвлэлд шалгаж байгаа хэргийнхээ материалыг өгөөд, мөрдөн байцаах ажлыг будлиулчихдаг. Урьдчилаад баахан хоосон таамаг бичнэ. Ний нуугүй хэлэхэд, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагынхнаас худлаа үнэн мэдээлэл өгдөг, тэгж цол хэргэмийн төлөө зүтгэдэг.

Би Хууль зүйн сайдын ажлыг хийж байхдаа Ерөнхий сайдад нэг ч удаа мэдээлэл өгч байгаагүй. Асуухад нь “Чиний  хийх ажил биш. Миний  ч хийх ажил биш. Хамаа намаагүй бурж явуулдаг ажил биш.” л гэж хэлдэг. Ерөнхий сайд нар ч миний араншинг мэддэг учраас надаас элдэв юм асуудаггүй байсан.