Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.09.15 11:44
160
Баялгийн сангийн удирдлага улс төрийн нөлөөн дор байгааг өөрчлөх ёстой гэв

  УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Б.Пунсалмаа нар Баялгийн сангийн тухай хуульд нэмсэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан ажиллаж буй талаараа  мэдээлэл өглөө.

 Д.ЭНХТУЯА: Ирээдүйн өв санд хуримтлагдсан 1.3 сая ам долларыг яагаад англи, францын банканд бага хүүтэй хадгалуулж байгааг асууна

УИХ-ын гишүүн Пунсалмаагийн хамтаар 2024 оны 6 дугаар сард  батлагдсан, хэрэгжээд жил гаруй болж байгаа Баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж байна. Баялгийн сан нь хуулиараа Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрддэг. Өгөөжийг нь Монгол Улсын иргэн бүр тэгш хүртэх ёстой. Мөн уг сангийн хөрөнгөөс Монгол Улсад үсрэнгүй хөгжил авчрахуйц төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн үзэл баримтлалтайгаар энэ хуулийг баталсан.  

 “Чингис хаан” баялгийн сангийн корпораци 2024 оны 2 дугаар сард байгуулагдсан. Энэ сан нь “Эрдэнэс Монгол“ ХК-ийн охин компани гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь бодлогын алдаа гэж Б.Пунсалмаа гишүүн бид хоёр үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Баялгийн сангийн бодлого болон зарцуулалт нь ЗГ-ын удирдлага дор явж байгаа нь буруу.

Баягийн санг амжилттай хөгжүүлсэн туршлагыг манайхан хангалттай судалсан. Манайд “Ирээдүйн өв сан”-гийн удирдлага Сангийн яамны, “Хуримтлалын сан” НХХЯ-ны, “Хөгжлийн сан” нь ЭЗХЯ-ны удирдлага дор үйл ажиллагаа явуулж буй. Гурван тийш харсан байдалтай, улс төрийн нөлөөн дор ажиллаж байгаа учраас энэ хуулийг шинэчлэн найруулахаар ажилдаа ороод байна.

Өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 1.3 сая ам.доллар буюу 4.6 их наяд орчим төгрөг хуримтлагдсан байна. Энэ хөрөнгийг Англи, Францын банканд жилийн гурван хувийн хүүтэй байршуулсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Монгол банк гэрээ байгуулж, байршуулсан байна. Уг нь Швейцарийн банк илүү найдвартай, бас арай илүү хүүтэй байдаг. Гэтэл яагаад заавал Англи, Францын банкыг сонгосон юм бэ гэдгийг асууна.

Хуримтлалын санд 600 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг өнөөгийн залуучуудын аж амьдралд шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах учиртай.

2025 оны төсвийг хэлэлцэж байхад энэ сангийн хөрөнгийг залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна гэсэн. Энэ зарцуулалт ямар хэмжээнд явж байгаа юм бэ гэдгээр мөн асуулга тавина.

Б.Пунсалмаа гишүүн бид хоёрын гаргаж байгаа гол санаа бол Баялгийн сангийн удирдлага парламентад байх ёстой. Харин төвлөрүүлэх үүргийг ЗГ хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд энэ хуульд өөрчлөлт оруулахаар ажиллах болно.

Б.ПУНСАЛМАА: Баялгийн санг АМНАТ-аар бүрдүүлэх ёстой

Баялгийн сан бол үр хүүхдүүдийн маань ирээдүйд хөрөнгө оруулалт болох ёстой. Тэр утгаараа маш нарийн зохицуулалттай, сайн хууль байх ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тодорхой хувийг улс эзэмшээд, ногдол ашиг болон АМНАТ-ыг баялгийн санд төвлөрүүлэх асуудлыг өмнөх чуулганаар шийдсэн. Төр тодорхой хувийг эзэмших нь зөв. Гэхдээ төр өөрөө олборлолтоо хийе гэдэг байр суурийг илэрхийлэх улс байдаг.

Миний хувьд АМНАТ-аар Баялгийн санг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Хувийн хэвшлийн компаниуд илүү бага зардлаар олборлож, илүү их АМНАТ өгөх боломжтой гэж харж байгаа.

Гол нь энэ санд бүрдэж байгаа хөрөнгийг улс төрчид биш өөр байдлаар удирдах ёстой гэж үзэж байна. Сая бид Казакстан улсад ажиллалаа. Тус улсын Баялгийн сан маш амжилттай ажиллаж байгаа. Хяналтын байгууллага нь тусдаа институц, маш сайн ажиллаж байна. Манайх бас хөндлөнгийн буюу ард иргэдийн хяналттай болгох юм бол энэ сан илүү тогтвортой ажиллах болно. Мөн үйл ажиллагаа, тайланг нь жил бүр сонин хэвлэлд тогтмол нийтэлж байх хэрэгтэй.