УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь тодрууллаа.
Байгуулагдаад гурван сар болж байгаа шинэ Засгийн газрын үйл ажиллагаанд та хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
Уг нь энэ засаг их азтай. Яагаад вэ гэхээр парламентын гишүүдийн 90 хувиар батлуулсан хөгжлийн төлөвлөгөөтэй. Дөрвөн жилийн үйл ажиллагаа нь маш тодорхой. Баялгийн санг хэрхэн хийх вэ, төсвийг хэрхэн удирдах вэ, үйлдвэржилтийг хэрхэн бий болгох вэ, мега төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гээд бүгд зурагдчихсан байгаа. Их хурал нь батлаад өгчихсөн төлөвлөгөөг өдөр шөнөгүй зүтгээд ард нь гарах нь энэ ЗГ-ын үүрэг. Түүнээс илүүг монголчууд хүсэхгүй.
Байгаа асуудлаа шийд. Утаанаас сал. Түгжрэлийг арилга. Эдийн засгийг өсгө. Үйлдвэржилтийг бий болго. Эрчим хүчээр хангаад өг. Түүнээс шинэ PR бодоод, шинэ бодлого боловсруулах гэж оролдоод, шинээр дугуй будах гэж оролдох л юм бол буруутна. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар бидний санаачилсан хурдны зам сураггүй байна. Бүтээн байгуулалтын ажлууд эхлэхгүй байна.
Монгол Улсын стратеги бол үйлдвэрлэл. Үйлдвэрлэл рүү шилжихийн тулд эрчим хүч болон төмөр зам хэрэгтэй.
Миний хувьд эрх баригч намын дотоод асуудалд оролцохыг хүсэхгүй байна. Намын даргын сонгуулиа нээлттэй явуулах байх. Гол нь монгол төрийн бодлогыг л гацааж болохгүй.
Ирэх оны төсвийг удахгүй хэлэлцэж эхэлнэ. Таны хувьд төсөв дээр ямар зарчим баримталж байгаа вэ?
Ирэх оныг “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээнд боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрэн дүүрэн шийдэж өгье. Багш нарынхаа цалинг нэмж өгье. Гэхдээ төсөв алдагдалгүй байх ёстой. Энэ хоёр зарчмыг л барьж байгаа.
АН-ын бүлэг даргаа хэзээ сонгох вэ?
Эхлээд Дээд шүүх намын даргыг бүртгэх ёстой. Үүний дараа бүлгийн даргын асуудал яригдана. Намын дарга ямар дүрээр бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа эрх мэдэлд халдаж ирсэн. Би хувьдаа намын даргад бүлгийн даргаа нэрлэх эрх мэдэл байх ёстой гэж үзэж байгаа. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх эсэх нь дараагийн асуудал.
Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг дэвшүүлсэн. Тэдгээрийн нэг болох Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр зам нь Монгол Улсад ямар ч ашиггүй төсөл гэж “экс” Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдэгдээд байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.
Монгол Улсын нүүрсийг дэлхийн зах зээлд нийлүүлэхийн тулд дэд бүтцээ шийдэх ёстой. Үүнийг хийхгүй бол хэдхэн хүн баяжаад байна. 10 гаруй айл л өдөрт мянган машин нүүрс гаргадаг. Тэд энэ тоглоомыг нь задлахаар эсрэг тоглолт хийгээд байгаа. Хил холболт болон бусад мега төслүүдийг зогсоох юм бол Монголын эдийн засаг яг энэ байгаа газартаа гацна. Тиймээс мега төслүүдээ явуулах хэрэгтэй.
Шууд дамжуулалтыг үзэх: