Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.09.16 14:14
835
О.НОМИНЧИМЭГ: Прокурорын байгууллага дандаа шүүхийнхний ард нуугдаж, шүүмжлэлээс зайлсхийж ирсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Нийгмийг донсолгосон хэрцгий хэргүүд гарах боллоо. Хохирогч нь дандаа эгэл борчуудын хүүхдүүд байгаа бол гэмт хэрэгтэн нь дандаа “томчуудын” хүүхдүүд байх боллоо. Тэдэнд хууль үйлчлэхгүй байна хэмээн иргэд бухимдаж байна. Та хуульч гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?

Хууль хяналтын байгууллагууд дээр маш их эрх мэдэл төвлөрсөн. Хүний эрхэд хамгийн түрүүнд халдаж болох эрхийг нь олгочихсон. Тиймээс үйл ажиллагаа, гарч байгаа шийдвэрүүдийг нь ил тод болгохгүй бол хэн нэгэн эрх мэдэлтэн эсвэл чинээлэг хүн нөлөөлөх магадлал маш өндөр байна гэж харж байгаа. Ялангуяа прокурорын байгууллага нээлттэй байх ёстой. Тэд шүүхийнхний ард нуугдчихдаг, шүүмжлүүлдэггүй.

Манай ард түмэн шударга бус байдалд маш эмзэг ханддаг. Хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй бол, баян хоосны ялгаа гаарах тусам өмнөх үнэт зүйлээ тээсэн нийгэм байж чадахгүй болно гэж эмзэглэж байгаа.

Иргэд цаазын ялыг шаардаж байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

Монгол Улс цаазын ялыг үгүй хийх санаачилгыг гаргасан орон гэж НҮБ болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Нөгөөтэйгүүр, ард түмэн хууль, шүүхийнхэнд итгэдэггүй учраас энэ бол шийдэл биш. Цаазын ялыг өөр зорилгоор хэрэглэх эрсдэл байдаг учраас ийш алхаж болохгүй.