
Кристиан Лубутен: Өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүд ямагт сайхан харагддаг Парисын гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лубутены нэр алдар дээд зэргийн загварлаг, өсгийтэй гуталтай утга нэг

Кристиан Лубутены нэр алдар дээд зэргийн загварлаг, өсгийтэй гуталтай утга нэгтэй болсон гэхэд болно. Түүний өндөр өсгийтийг дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүд мөрөөдөж, Женнифер Лопесээс авахуулаад алдар цуутнууд магтан дуулдаг билээ. Гэхдээ түүний улаан улаараа танигдсан гутал цаанаа л инженерийн нарийн ухааныг агуулж байдаг юм. “Өсгий нь өөртөө инженерчлэлийг багтаадаг. Хүний биеийн жинг тулж буй энэ жижигхэн зүйл нарийн тэнцвэрийг хадгалж байх ёстой” хэмээн нэрт загвар зохион бүтээгч маань өөрийн Парис дахь урландаа хэлсэн юм. Тэрбээр өсгийтэй гутал бүтээх ажлыг шинжлэх ухаантай зүйрлэж чадсан нэгэн. Төгс гутал бүтээхэд шаардлагатай материал нь гуталчны хүний хөлийн хэлбэрээр урласан модон хэв, мөн өсгийд байрлуулсан төмөр тулгуур байх ба энэ нь дээд тал нь 16,5 см байж болдог. “Та өсгий рүү харвал зөв инженерчлэлгүйгээр энэ нь хугарч болохыг ойлгоно. Хэрэв тулгуур төмөр нь хүндийн жингийн шугамын дагуу, төв хэсэгт байрлаагүй бол өсгий хугарч та урагш унах юм”. Өсгий таван см-ийн өндөртэй байсан ч тулгуурыг зөв байрлуулж байж л гутал өмсч буй хүний тэнцвэрийг яг таг хадгалах аж. “Би үүнийг урлаг гэж хэлэхгүй ч энэ нь нэлээн ярвигтай зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх байна” хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Лубутен 1964 онд Парист төрсөн ба бага наснаасаа л гутланд татагдсан аж. 1992 онд тэрбээр нэг хос нь л гэхэд дунджаар 700 ам.долларын үнэтэй өөрийн брэнд гутлыг гаргаж, эцэст нь түүний урласан гуталнууд дэлхийн өнцөг булан бүрт зөвхөн дээд зэрэглэлийн дэлгүүрт зарагддаг болжээ. Тэрбээр хэдий сайхан ч өвтгөдөг гутал өмсөх нь утгагүй гэж үздэг гэнэ. Хүн бүрийн өвдөлт өөр ч аль болох өвтгөхөөргүй, эвтэйхэн байх нь түүний гутлын онцлог юм. Мөн Лубутенд ямар ч өсгий хангалттай өндөр биш, тэнгэр л түүний эцсийн зааг хэмээн хэлсэн юм. Өдгөө 51 настай Лубутен 1981 оноос гутлын загвараар дагнан ажилласан бөгөөд 1991 онд өөрийн дэлгүүрээ нээж, түүний анхны үйлчлүүлэгч нь Монакогийн гүнж Каролина болж байжээ. Түүний гуталнуудыг өдгөө өмсөж гоёхоос гадна цуглуулдаг хоббитой үйлчлүүлэгчид ч олон байдаг бөгөөд нэрт зохиолч Даниэл Стийл 600 хос гуталтай бол Ким Кардашьян 224 хос гуталтай аж. Шарлотте Олимпиа

Бүсгүйчүүд бидний биеийн өө сэвийг дарж, бусдаас гайхалтай сайхан харагдах агшныг бүтээхэд өөрийн ур ухаанаа ашиглаж суудаг өөр нэгэн дизайнер бол Шарлотте Олимпиа. Тэрбээр урдаа өндөрлөгчтэй гутлыг зохион бүтээсэн ачтан гэж тооцогддог. Тайзны одууд, ер нь өсгийтэй гуталны фэнүүд, дуучид бүгдээрээ түүний гуталнуудыг сайшаан магтаж, мөнхийн хэрэглээгээ болгосон байдаг юм. Шарлотте Олимпиа гэх гайхалтай эмэгтэй өөрийн туршлагаас үүдэн урдаа өндөрлөгчтэй туфлийн загваруудыг гаргасан бөгөөд тэрбээр боди арт чиглэлээр мэргэшсэн Баярди Мессенжер гэх эмэгтэйтэй нийлж хөнгөн, дэгжин платформ стилийн туфлиудыг урлаж, худалдаанд гаргаж байгаа юм. Тэдний хамтын бүтээл болох гутал бүр дээр гараараа зурдаг болохоор дахин давтагдашгүй, ердөө цорын ганц хувь бий болдог гэнэ. Жишээ нь, энэ жил геометрийн тод дүрстэй, эсвэл эмэгтэй хүний уруул, нүд гэх мэт эрхтэний зурагтай гуталнууд голлон худалдаанд гарах аж. Удахгүй бүх бүсгүйчүүд ийм гутланд дурлах болно гэж тэд дуу нэгтэй баталж байгаа бөгөөд туршилтын үйлдвэрлэл дуусмагц гуталнуудаа худалдаанд гаргах гэнэ. Шарлоттын бас нэгэн гол бүтээл нь яг одоо тренд болоод байгаа мууран плат буюу бидний хэлж заншсанаар балерина юм. Муурны чих, хамар, нүд, сахал зэргийг тусгаж өгсөн энэ гутал дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган эмэгтэйчүүдэд ихээр таалагдсан нь судалгаагаар батлагджээ. Угаасаа ч өсгийтэй гуталтай балерина хэдийнэ өрсөлдөх болсон билээ.

Михай Албу

Румын загвар зохион бүтээгч Михай Албу дэлхийн хамгийн өндөр өсгийтэй гутлыг урласнаараа гутал сонирхогчдын анхааралд өртсөн нэгэн. Түүний зохион бүтээсэн гуталнууд маш өндөр өсгийтэй байдаг бөгөөд тэрбээр бүсгүйчүүд өндөр өсгийт өмсөх нь ихэмсэг байдалтай харагдуулахаасаа илүү дур булаам болгодог хэмээн тодорхойлогчдын нэг юм. Хамгийн сүүлд Михай Албу өнгөрөгч 2013 оны есдүгээр сард дэлхийн хамгийн өндөр өсгийтэй гутлыг зохион бүтээж, дэлхий нийтийг шуугиулжээ. Түүний бүтээсэн гуталны өсгий 31 см өндөртэй бөгөөд 1200 еврогийн үнэтэй юм байна. Загвар өмсөгчид ихдээ л 15 см өндөртэй гутал өмсдөг байхад эл хэмжээг хоёр дахин ихэсгэсэн энэ гутал хүний биед ямар ч хор уршиггүй байхаар тооцоологдон хийгдсэн жинхэнэ урлагийн бөгөөд шинжлэх ухааныг хослуулсан бүтээл хэмээн олноос өндөр үнэлгээ авсан гэнэ.

Өсгийтэй гутал өмсөх энгийн нууц

1. Та сонгосон гутал дээрээ зөв зогсож сурах хэрэгтэй. Алхахад түвэггүй, биеийн тань аль нэг хэсэг нугаларахааргүй байх ёстой.
2. Хатуу гадаргуу дээр алхаж үзээд бага багаар алхалтаа жигдрүүлэн аль болох өлмийгөө түрүүлж гишгэж алхах дасгалыг хийснээр явж сурах бэлтгэлээ хангана гэсэн үг.
3. Дараа нь шороотой болон чулуутай, тэгш бус гадаргуун дээр алхаж үз.
4. Шатаар өгсөж буух, бүжиглэх дасгал хийх.
5. Эхний ээлжинд өсгийтэй гуталтай байх үедээ 20 минут тутамд гутлаа тайлаад хөлөө амраах хэрэгтэй.
6. Хөлний дасгал байнга хийх.
7. Өмсөх гутлаа зөв сонгох. Эхний ээлжинд дөрөв ба түүнээс доош инчийн хэмжээтэй өсгийг сонгох бол платформ өсгийт хамгийн амар, эвтэйхэн гэдгийг мартаж болохгүй. Эцэст нь хэлэхэд, өндөр өсгийтийг амьдралынхаа нэг хэсэг болгосон бүсгүйчүүдийн хувьд та бүхний сонголт улам бүр арвижиж, өндөр өсгийт шинэчлэгдсээр байгаа гэдэг таатай мэдээлэл байгаа бол харин өндөр өсгийт сонгож өмсөх гэж байгаа, энэ талаар бодож явдаг бүсгүйчүүдэд зөвлөхөд одооноос өсгийтийг сонгож, аливаа арга хэмжээн дээр өмсөх гэж байгаа бол цагийг нь тулгаж өсгийтэй гутал авах хэрэггүй гэдгийг зөвлөе. Учир нь, өмсөж үзээгүй гуталтай олны өмнө удаан байна гэдэг хамгийн хэцүү болохыг олон бүсгүйчүүд зөвлөгөө болгон уламжилдаг билээ. Мөн зуны сандаал, гоёлын туфли хоёрыг байнга ялгаж, салгаж сураарай.
