Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.09.17 09:16
586
Хүн дүрст араатны сүрэгтэй нийгмийг бид өөрсдөө бүтээлцэж буй

Нэгэн япон эр уулзвар дээр зогсоод л байж гэнэ. Түүнээс “Та яагаад уулзвар гарахгүй зогсоод байгаа юм бэ, эргэн тойронд ирж яваа машин байхгүй байна шүү дээ гэж асуухад “Би ногоон гэрэл асахыг хүлээж байна. Хэрвээ би ногоон гэрэл асаагүй байхад уулзвараар гарчих юм бол гэрийнхээ цонхоор хараад зогсож байгаа хүүхэд дараа нь намайг дуурайх болно шүү дээ” гэж хэлсэн юм гэдэг. Энэ бол япон хүний мөн чанар, үр хүүхэд, залуу үеийнхнийхээ өмнө хүлээдэг хариуцлага.

Харин бид бусад хүмүүс хараагүй, мэдээгүй л бол хууль, дүрэм, журам зөрчихөөс буцдаггүй, ажлаа бүтээхийн тулд хэн нэгнийг авлигаддаг, ядруухан амьдарч яваа хүмүүст дээрэнгүй ханддаг, хамгийн гол нь энэ бүхнээ үр хүүхдийнхээ нүдний өмнө хээв нэг хийдэг, үйлдлээрээ “үлгэрлэж”, муу муухай бүхнийг зааж сургадаг. Үр дүнд нь өнөөдрийн хэрцгий, хүйтэн сэтгэлт, хүн дүрст араатны сүрэг бий болжээ.

Нэг хэсэг нь халуун ам бүлд хайрлагдаж өсөөгүйнхээ төлөө хүрээлэн буй нийгмээ үзэн ядаж, хэнийг ч хөнөөхөд бэлэн болчихож. Нөгөө хэсэг нь эд хөрөнгөөр дутагдаж гачигдахын зовлон үзэлгүй өссөн ч байгаадаа ханаж цадахгүй, мансуурч, бусдыг дарамталж, тохуурхаж, хүчирхийлж, түүнээсээ таашаал авдаг гаж донтнууд болон хувирсан байна.

Эцэг, эхчүүдийн тухайд, өдөр тутмын ажил, амьдралдаа нухлагдан, үр хүүхдээ хайхрахгүй орхих нэг хэсэг байхад цаг зав, цалин орлого нь хангалттай ч материаллаг хэрэгцээг нь хангаж байгаадсаа сэтгэл ханаж, хүү, охиныхоо зүрх сэтгэлийг нь тольдохгүй хаях нөгөө хэсэг ч буй. 

Ямартаа л 30 настай хүүгээ бусдын гарт алдсан ижий “Ганц хүүгээ эцэг, эх нь хүмүүжүүлж чадаагүй, баян айлын эрх хүүхдээс болж алдаад, “Ээж ээ” гэж дуудах үргүй болчихлоо. Эцэг, эхчүүд минь нэгдүгээрт мөнгө биш, үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаараач ээ!” хэмээн уйлан хайлан гуйх вэ дээ.

32 настай залуу бүсгүй болон 16 настай охины амийг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг олон нийтийн анхаарлыг татаж буй энэ өдрүүдэд  хүн бүр л айдастай, нийгэмдээ үл итгэсэн, ирээдүйдээ зовнисон байдалтай байна.

Хоёр хоногийн өмнө /2025.09.15/ орой цаг бусаар амиа алдсан охид, бүсгүйчүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ төв талбайд болсон. Хэдэн мянган залуус зорин ирж, зул өргөн, үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Эрчүүд нь охин хүүхдүүд болон дүү нартаа, хараахан аав болж амжаагүй залуус ч  ирээдүйд мэндлэх үр хүүхдүүддээ санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан бол охид, бүсгүйчүүд ганцаараа явахаас айж байгаагаа, бусдад итгэх итгэлгүй болж байгаагаа хоолой зангируулан ярьж байв.

Зул өргөх арга хэмжээг сурвалжилж явахад нэгэн аав “Бид хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюул тохиолдсон үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зааж сургах ёстой. Үүнийг цэцэрлэг, сургуулийн сургалтын  хөтөлбөрт оруулж өгөх хэрэгтэй” хэмээн саналаа хэлж байсныг манай эрх мэдэлтнүүд чихнийхээ хажуугаар бүү өнгөрүүүлчихээсэй. Бүх насныханд харилцаа, хандлагын зөв дадал, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхээс эхлээд  соён гэгээрүүлэх кампанит ажлыг улс орон даяар өрнүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. 

Өнөөдөр бид үр хүүхдүүддээ гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх вэ гэдгийг хэлж зааж өгөхгүй хэрнээ гэмт хэргийн “их сургууль”-ийг хөхиүлэн дэмжиж байна. Youtube.com сайтад эрдэнэт хүний амийг зэрлэгээр хөнөөсөн цуврал алуурчид, бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан луйварчдын тухай блог, контентууд хамгийн их үзэлттэй байна.

Бусад оронд гарсан, дэлхийн хэвлэлүүд дээр мэдээлэгдсэн хамгийн дуулиантай хэргүүдийг түүж, эх хэлнээ орчуулан монголчууддаа хүргэхдээ тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэнийг нэг бүрчлэн дүрсэлж, мөрөө баллахын тулд ямар арга хэмжээ авсныг, ямар алдаа гаргаснаараа баригдсан болохыг дэлгэрэнгүй ярьж өгч байгаа болохоор “гэмт хэргийн их сургууль” нэрлэхээс яаөлотайй билээ. Олон арван гэмт хэрэгтнүүдийн их багш нь үнэндээ иймэрхүү зохиол, кино, контентууд байсныг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэн нэгний дотоод сэтгэлд нуугдсан хүн алах нууцхан хүслийг өдөөж өгдөг, хэрхэн хийхийг нь зааж өгдөг иймэрхүү контентуудыг бүрмөсөн хоривол таарна. Уг нь энэ платформ өөрөө хүчирхийллийн дүрсийг хорих зохицуулалттай ч монголчууд дүрсээр биш үгээр үзүүлчихдэг, “хуулийн цоорхой”-г ашигладаг гэх үү дээ.

Эцэст нь тэмцэгч гэдгээрээ олонд танигдсан Ж.Одонгоо  хэмээх бүсгүй ”Энэ бол та бидний бүтээсэн нийгэм учраас бид өөрсдөө засах ёстой” хэмээн хэлснийг онцолъё. Тийм ээ, үүнийг тэрлэгч би, уншигч Та, Бид бүгдээрээ өнөөдрийн нийгмийг хамтдаа бүтээлцэж буй. Өнөөдөр бүтээж буй нийгэмд бидний үр хүүхэд зэрэгцэн өсөж торниж, хоорондоо гэр бүл зохиож, үр хүүхдээ өсгөнө. Чухам тиймээс “үйлийн үр”-ээ хойч үедээ үлдээхгүйн тулд өнөөдөр өөрсдөө зөв амьдарцгаая!