Алдарт Стивен Кингийн зохиол, найруулагч Фрэнк Дарабонтын бүтээл “The green mile” киног үзээгүй хүн бараг үгүй байх. Үлэмж биетэй, хар арьст Жон Коффи хүүхэд хүчирхийлж алсан гэх хилс хэрэгт гүтгэгдсэн, цаазын ял сонсдог. Үнэн хэрэгтээ тэр маш зөөлөн сэтгэлтэй, бас анагаах увдистай нэгэн. Түүний сайн нөхөр, шоронгийн харгалзагч Пол Эджкомб хэрэг хийгээгүй гэдэгт нь итгэдэг ч шүүхийн шийдвэрийг өөрчилж чадахгүй, эцэст нь түүнийг цахилгаан сандалд суулгах ёстой болдог. Энэ бол мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд алдаа гардгийг, тэдний шийдвэр хүний амьдралыг аврахаас гадна сүйрүүлдгийг харуулсан, нөгөөтэйгүүр, хүнлэг сэтгэл, халуун нөхөрлөлийг харуулсан гайхалтай бүтээл. Хэдий кино ч гэлээ бодит түүхээс сэдэвлэсэн, амьдралд тохиолддог эрсдэл.
Үүнийг өгүүлэхийн учир сүүлийн өдрүүдэд цаазын ялыг хөндөх болсонтой холбоотой. Тодруулбал, хоёр хоногийн өмнө төв талбайд болсон залуу бүсгүйчүүдийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөх ёслолын үеэр бухимдсан зарим иргэн “Цаазын ялыг сэргээж, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн араатнуудыг цаазла” хэмээн шаардаж байлаа. Гэхдээ энэ бол сэтгэл хөдлөлөөр шийдчих асуудал биш юм.
Ял шийтгэлийн тухайд парламентын хэд хэдэн эмэгтэй гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Ард түмэн хууль, шүүхийнхэнд итгэдэггүй. Мөн цаазын ялыг өөр зорилгоор хэрэглэх эрсдэл байдаг учраас ийш алхаж болохгүй.” гэсэн бол Х.Баасанжаргал гишүүн “Шүүхэд эргэлзэж байгаа хэрнээ цаазын ялыг сэргээх тухай ярьж байгаа нь логикын зөрчилтэй. Илүү олон хүн хэлмэгдэж болзошгүй.” хэмээн анхаарууллаа. Бид үнэхээр л хуулийнханд итгэдэггүй шүү дээ. Хэн нэгэн даргын хүүхдийг аврах гэж өөр нэгнийг хэлмэгдүүлж, золигт гаргавал яах билээ. Тэгэхээр итгэдэггүй хэрнээ цаазлахыг шаардаж байгаа нь яах аргагүй логик зөрчил.
Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Бид нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед амиа хорлох, бусдын амь насанд халдах асуудал нэмэгдэж байна. Ил болж байгаа хэргүүд нь л энэ болохоос биш үүний цаана яг ийм байдлаар олон хүүхэд амиа алдаж байгаа. Хүүхэд залуусаа ирээдүйн алуурчин болгохгүйн тулд одооноос анхаарах ёстой. Гэхдээ цаазын ял бол шийдэл биш" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тийм ээ, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь харин шийдэл мөн л дөө.
Өнөөдөр хэн нэгнийг санаатай болон санамсаргүйгээр хэлмэгдүүлэн цаазаар авлаа гэхэд хожим үнэн илэрсэн ч гэлээ оройтсон байх болно. Хичнээн нэхэн цагаатгасан ч нэгэнт насан эцэслэсэн хүнийг эргээд амилуулах боломжгүй шүү дээ. Тиймээс цаазаар авах шаардлагыг алга ташин дэмжих нь тэртээ тэргүй эмзэг байгаа нийгмийн сэтгэл зүйд улам л сөргөөр нөлөөлнө.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл манай сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг бүх насаар нь гяндангийн дэглэмээр хорих хэрэгтэй. Маш хүнд нөхцөлд хоригддог учраас энэ дэглэмээр хоригдож байгаа хүмүүс ихэвчлэн хугацаанаасаа өмнө нас бардаг. Тэр хүн бүх насаа торны цаана гяндангийн нөхцөлд зовж өнгөрүүлэх ёстой гэж би үздэг.” хэмээн хариулсан. Чухам энэ. Хэрцгийгээр бусдын амь насыг егүүтгэсэн, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг цаазлахгүй ч бүх насаар нь хорих хэрэгтэй. Эс тэгвээс тэд тодорхой хугацааны дараа "наранд" гараад, дахин бусдын эрх чөлөөнд халдахгүй гэсэн баталгаа үгүй. Хоморголон чөлөөлсөн Өршөөлийн хуулиар суллагдсан зарим этгээд дахин хүний аминд хүрч, хүчирхийлж, эргээд "торны цаана" суусан бодит жишээ цөөнгүй бий.
Өнөөдөр, яг одоо /2025.09.17/ салсан эхнэрээ 23 удаа хутгалж амийг нь егүүтгэсэн иргэн Н.Э-д холбогдох шүүх хурал СХД, БГД-ийн тойргийн шүүх дээр болж байна. Нээлттэй эхлээд, хаалттай горимд шилжсэн. Өдөр 16 цагт 16 настай, айлын ганц охин болон 32 настай залуу бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Д нарын нэр бүхий дөрвөн иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.
Амь хохирогчдын ар гэрийнхэн болон олон нийт Шүүхийн шийдвэр шударга байгаасай, таарсан ял шийтгэлийг нь оноогоосой гэж хүсэж байна. Гэхдээ тэр нь цааз лав биш.