m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.09.17 10:04
274
Үг авсан төсөв

Төрийн оролцоог хумилаа

Монголын эдийн засгийн бараг тэн хагасыг төсөв бүрдүүлж байсан үе бий. 1, 2-хон жилийн өмнө дөө. 2024 онд төсвийн зардал ДНБ-ий 38 хувьтай тэнцэж байлаа. Манай эдийн засгийн 40 орчим хувь нь төсвөөс хамаардаг. Үүн дээр төрийн өмчит компаниудын оролцоог нэмбэл эдийн засаг дахь төрийн оролцоо бараг 80 хувь рүү дөхөж байв. Үүнээс Монгол Улс бол чөлөөт эдийн засагтай биш, харин төр давамгайлсан төвлөрсөн төлөвлөгөөт орон гэж дүгнэхээр байлаа. Тэгвэл 2025 оноос эдийн засаг дахь төрийн оролцоо буурч эхэллээ. Доор дурдсан графикаас үүнийг харж болно.  

Төрийн оролцоог бууруулах нь нэг өдөрт, бүр ганц жилийн хугацаанд амжуулчих ажил биш. Гэхдээ төрийн оролцоог багасгах алхмыг энэ Засгийн газар эхлүүлж чадлаа. Энэ эрчээрээ 2028 он гэхэд эдийн засаг дахь төсвийн оролцоо 30 хувиас доошлох төлөвтэй.  

ДНБ дэх төсвийн зарлагын хувь

2023 29.3%

2024 38.3%

2025 35.1%

2026 32.2%

2028 28.6%

Эх сурвалж: Сангийн яам 

Должин эмээгийн тэтгэврийг чадлаараа нэмнэ

Төсвийн зардлыг танана гээд тэтгэврийн хөгшид, тэтгэмж авдаг иргэдийнхээ халаасанд гар дүрсэнгүй. Харин ч чадлынхаа хэрээр нэмнэ гэж ирэх оны төсөвт суулгажээ. Мах, гурилын үнэ өссөн энэ үед тэтгэвэр, тэтгэмжийг тоолгүй орхивол одоо авч буй хэдэн төгрөгөө арайхийн амьдралдаа хүргэдэг иргэд ирэх онд улам хэцүүдэх нь ойлгомжтой. Иймд тэтгэвэр, тэтгэмжийг ирэх онд зургаан хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Ингэж иргэддээ олгодог мөнгийг таналгүй, харин ч өсгөж, оронд нь төрийн зардлыг бууруулав. Улсын төсөв дэх бараа үйлчилгээний зардлууд, тэр дундаа даргын ширээ, шатахуун түлш, бичиг цаас, томилолтын зардлууд танагдсан. Төрийн бүсийг чангалаад 600 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийхээр байна. Гэхдээ хүн амын механик өсөлтөөс шалтгаалан нэмэгдэх зардлууд байна. Шинээр тэтгэвэрт гарах иргэд, сургууль, цэцэрлэгт дөнгөж элсэж буй багачууд гээд танаж болохгүй зардлууд 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

Зардал яагаад өссөн вэ?

Тэтгэвэр 6% нэмэх ₮378 тэрбум

Хүн амын тооны өсөлт ₮500 тэрбум

Эх сурвалж: Сангийн яам 

Үнэнтэй нүүр тулсан нь

Засаг даруухан болжээ. Өнгөрсөн жилүүд шиг 100 ам.доллар ч хүрэхгүй нүүрсээ 105 ам.доллароор зарна гэж, ядруухан эдийн засгийг огцом өснө гэж өөдрөгөөр төсөөлдөг дэврүүн зангаа засчхаж. Бодитоор тооцсон, хөрсөнд буусан, үнэнтэй эвлэрсэн төсвийн төсөөллийг боловсруулсан байна. Ганц жишээ хэлэхэд, жилийн өмнө 105 ам.доллароор тооцож байсан нүүрсээ 70 ам.доллар гэх даруухан үнээр тооцжээ. Бас алтны ханш байна. Одоогоор буюу есдүгээр сарын 16-ны байдлаар олон улсын зах зээлд унц алтны ханш 3688 ам.доллартой тэнцэж байна. Гэтэл алтны ханшийг ирэх оны төсөвт одоогийн үнээс нь 1000 ам.доллароор доошлуулж, 2800 ам.доллароор төсөөлжээ. Энэ мэт өндөр үнэ, огцом өсөлт, өөдрөг төсөөллийн хойноос хөөцөлдөхөө больж, бодитоор дүгнэж, эрсдэлээ тооцож, судалгаанд суурилсан тооцоотой төсвийг боловсруулсан байна.

2026 оны төсөөлөл

Өсөлт 5.7%

Инфляц 7%

Нүүрс $70

Зэс     $9700

Алт     $2800

Эх сурвалж: Сангийн яам

Алтны ханш

Одоогийн үнэ                          $3688

Ирэх оны төсөвт тооцсон үнэ $2800

                                                                                  Эх сурвалж: Сангийн яам, Kitco

Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Данхар төрийг цомхотгож, төрийн оролцоог бууруулсан. Эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гээд гол салбарууддаа хөрөнгө оруулалтыг чиглүүлж, иргэдийн оролцоог хангаж, бодитоор тооцсон гээд ирэх оны төсөвт онцлох ёстой олон ахиц дэвшил байна. Өмнө нь судлаачид, эдийн засагчдын үргэлж хэлж, байнга үглэдэг байсан алдаа дутагдлыг засаж залруулсан. Иргэдийн ч, эрдэмтдийн ч тэр үгийг сонссон төсөв болжээ. Товчхондоо, сүүлийн хэдэн жил буруу замаар будаа тээж байсан төсвийн бодлогыг энэ удаад Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар зөв чиглэл рүү нь эргүүлж чадлаа. Төсөв зүгээ олж эхэллээ.

А.Дөлгөөн