Эхнэрээ 23 удаа хутгалж амийг нь хөнөөсөн Н.Э-д холбогдох хэргийн Шүүх хурал СХД, БГД-ийн тойргийн шүүх дээр яг одоо болж байна. “Gem mall” худалдааны төвд гарсан энэхүү хүн амины ноцтой хэргийг хэлэлцэхдээ нотолгоонд суурилсан хэсгээ хаалттай хэлэлцээд, бусад хэсгийг нээлттэй хэлэлцэхээр боллоо. Насанд хүрээгүй хүүхдүүдийн эмзэг мэдээлэл хөндөгдөх учраас шүүх ийм шийдвэр гаргасан байна.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Э-г гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан эсэх талаар талуудын өмгөөлөгч нар хоорондоо санал зөрөлдөв. Н.Э нь “Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй.” хэмээн мэдүүлсэн нь хавтаст хэрэг байгаа аж. Тэгвэл хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа Н.Э гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байсан нь амь хохирогч болон шүүгдэгчийн хоорондоо харилцсан чатуудаас тодорхой харагдаж байгаа тул нотлох баримтаар авах санал гаргаад байгаа юм. Амь хохирогч нь “Gem mall” худалдааны төвд ажилладаг байсан бөгөөд шүүгдэгч Н.Э нь удаа дараалан эхнэрийнхээ ажлын байран дээр ирж, дарамталдаг байсныг мөн хоёр ч удаа цагдаа нар дуудлагаар ирж байсныг тэндхийн худалдагч мэдүүлсэн гэдгийг Р.Булгамаа өмгөөлөгч мөн хэлж байна билээ.
Харин прокурорын зүгээс “Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тул шинээр нотлох баримт оруулж ирэх шаардлагагүй" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчээ өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй хэмээн хамгаалж байгаа нь ялыг хөнгөрүүлэх гэсэн оролдлого байж болох юм.
Шүүгдэгч Н.Э нь хэрэг явдал болсны дараа “Хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Би өөрийгөө бас хутгалсан. Эмнэлэгт очсоны дараа л болсон явдлыг санасан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Шүүх хурал хагас цаг орчим хаалттай горимд шилжээд одоо нээлттэй үргэлжилж байна.
Шүүх хуралдааны үеэр түүний хүү 18 настай Э.Дөлгөөн " Манай гэр бүлд аз жаргалтай өнгөрүүлсэн, гэр бүлийн халуун дулаан мөч гэж намайг төрснөөс хойш байгаагүй. Аав намайг алгадаж, ширээ булан мөргүүлж, хараалын үгээр доромжилдог байсан. Манай ээж зөөлөн зантай тайван хүн байсан. Манай ээж Н.Энхбат гэж хүнд хараалгуулж, гэр орноосоо хөөгдөж, тайван бус амьдарсаар насан эцэслэлээ" гэж мэдүүлжээ.
6, 13, 18 настай хүүхдүүд нь одоо сургуультай нь ойрхон гэдэг утгаар яллагдагчийн талын эгчийнд байна.
Шүүгдэгч Н.Энхбат: Би эхнэр, хүүхдүүддээ өөрөөсөө илүү хайртай. Манай гэр бүлийн хүн 2014 онд хүчирхийллийн төвд хандаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг зөвхөн гар хүрэх гэж буруугаар ойлгодог байжээ. Хардаж, сэтгэл санааны дарамтад оруулах ч бас хүчирхийлэл юм байна. Би хоёр хоног нойргүй яваад сэтгэл гутралд орсон байсан. Эхнэрийнхээ амийг хөнөөсөн хутга бол бид хоёрын хамт цайгаа уухдаа хэрэглэдэг байсан хутга".