Эхнэрээ 23 удаа хутгалж амийг нь хөнөөсөн Н.Э-д холбогдох хэргийн Шүүх хурал СХД, БГД-ийн тойргийн шүүх дээр яг одоо болж байна. Шүүх хуралдаан завсарлах үеэр амь хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаагаас дараах тодруулгыг авлаа. Тэрээр
"Шүүх хурлыг шүүгдэгчийн талаас хаалттай явуулах хүсэлт явуулсан. Тодорхой хэсгийг хаалттай явуулах тал дээр дэмжсэн. Учир нь амь хохирогч гэр бүл цуцлуулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч иргэний хэрэгт шилжээд хэдхэн хонож байсан юм билээ. Бид амь хохирогчоос гадна ард нь үлдэж байгаа гурван хүүхдийн нэр төр, алдар хүндийн асуудал хөндөгдөж байгаагаас зарим хэсгийг хаалттай явуулах хүсэлтийг дэмжсэн.
Шүүх хурал завсарлангуут том хүү нь өмгөөлөгч эгчээ тантай уулзмаар байна гээд гарч ирж уулзлаа. Хэлсэн үгийг нь дамжуулахад маш хэцүү байна. “Нэг л зүйлийг хэлье. Битгий ингэж үр хүүхдүүдээ зовоогоочээ.
Хэдийгээр би аав гэж хэлмээргүй байгаа ч намайг энэ хорвоод мэндлүүлсэн уур омог хардалтаасаа болоод өөрийгөө удирдах чадвараа алдаад болоод ээжийг минь бүрэлгэсэн ч гэсэн хоёр жаахан дүүгийнхээ аавыг би гянданд явуулмааргүй байна. Энийгээ би хэлж чадахгүй байна.
Хүүхдийг битгий ингэж тамлан зовоогоочээ гэж л томчуудаас би хүсье. Өөр хэлэх юм алга гэсэн.
Шүүх хурал нотлох баримтыг шинжлэн судлах үеэ хаалттай явуулж байгаа. бид өнөөдөр анхан шатны хурал эхлэхийн өмнө амь хохирогчийн гар утсанд байсан ханьтайгаа харилцдаг байсан харилцаа бүхий чатыг шүүхэд өгсөн. Өнөөдөр харамсалтай нь нотлох баримтын шаардлага хангасангүй.
Аргаа бараад талийгаач хоёр сарын өмнө хүүхдүүдээ аваад ажлынхаа ойролцоо нэг өрөө байр түрээслэн амь тэмцэн л явж байсан эмэгтэй байсан байгаан. Хэсэгхэн хугацааны түр зуурын биш урт хугацааны зовлонтой зовиуртай, дарамттай харилцааны эцэст тэр эмэгтэй гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан нь шүүгдэгчийн мэдүүлгээс илэрхий байна шүү дээ. Уур бухимдал төрсөн гэж.
Гэр бүлийн харилцаанд эцэг, эх болсныхоо дараа ямар үүрэг хүлээдэг талаар , үр хүүхдийнхээ өмнө би ямар үүрэгтэй юм бэ гэдгээ ухамсарлаагүй 45 настай хүн шүүх хуралдаанд зогсч байна. Ард нь үлдэж байгаа гурван хүүхдийн эрх зүйн байдал, нийгмийн асуудалд сэтгэл зовнихгүй зогсч байгаа нь эмгэнэл. Мөн ханилсан ханьдаа итгэдэггүй, хэнтэй уулзах гэж байгаан, хамт ажилладаг хүнийхээ төрсөн өдөрт хүртэл очих эрх чөлөөгүй байна гэдэг бол эмгэнэл. Энэ хүчирхийлэл дарамт өөрөө энэ нөхцөл байдалд хүргэлээ.
Хэрэг шийдэгддэгээрээ шийдэгдэнэ. Гэвч өмгөөлөгчдөд хамгийн хэцүү өр өвтгөм зүйл бол гурван хүүхдийн хувь заяаны асуудал байгаа. 18 нас хүрэх гэж байсан энэ хүүхэд өнөөдөр амьдралын ачааллыг яаж даах вэ эгчээ. Би сая ээжийнхээ шүүх хуралдааны явцыг харчихлаа гэж хэлсэн.
Энэ зовлон бэрхшээл олон айл, олон хүүхдэд битгий тохиолдоосой. Хүүхдүүд хөөрхий шүүх хурлын өмнө тэднийд баймаар байна гээд гарын үсэг зуржээ. Өнөөдөр 6, 13хан настай хүүхэд эрх зүйн бүрэн чадамжгүй, гаргаж байгаа шийдвэрээ зөв бурууг нь ч мэдэхгүй байгаа. Тиймээс хүүхдийн саналаар энэ асуудал шийдэгдэхгүй. Албан ёсоор асран хамгаалагчийг мэргэжлийн шинжээч томилон судлан, хуулийн өмнө яг таг болгож байж хүүхдийн асрамжийн асуудал шийдэгдэх учиртай.