Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
5 цагийн дараа
137
Европын Холбоо ирэх 7 хоногт газрын ховор элементийн ирээдүйг хэлэлцэхээр цугларна

Европын худалдааны танхим Хятадын газрын ховор элемент (ГХЭ)-ийн экспортын хязгаарлалтаас үүдэж гишүүн компаниуд нь сая сая еврогийн алдагдалд орж байгааг мэдэгдэв.

Одоогийн байдлаар Volkswagen шиг луугар үйлдвэрлэгчдийн ГХЭ-ийн нийлүүлэлт харьцангуй тогтвортой байгаа ч ихэнх компаниуд нь Хятадаас ГХЭ-ийн экспортын тусгай зөвшөөрөл авах улам хүндрэлтэй болж эхэлжээ. 

Үүнтэй холбоотойгоор Европын худалдааны танхим ирэх 7 хоногт Брюссель хотод эрх баригчидтай уулзаж, ГХЭ-ийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахын сацуу Хятадын шинэ 5 жилийн төлөвлөгөөнд бэлтгэлтэй байх, ГХЭ-ийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шийдлийг хэлэлцэх төлөвтэй байна.

Хоолойнд тулсаар...

Америкийн Геологийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятад ГХЭ-ийн олборлолтын 69% гаруй буюу дэлхийн нөөцийн бараг тал хувийг хяналтдаа аваад буй. Үүгээр тогтохгүй өнгөрсөн 6-р сараас Хятадын барууны орнуудад ГХЭ-ээ экспортлох 1 удаагийн тусгай зөвшөөрөл олгох бодлого нь богино хугацаанд тус улсаас ГХЭ авахад улам хэцүү болгож, Европын компаниудын үйл ажиллагаа доголдох эрсдэлийг нэмэгдүүлж, сөргөөр нөлөөлсөөр байна.

Ямар учиртай хориг вэ? Хятадын ГХЭ-ийн экспортын тусгай зөвшөөрөл дотор худалдан авагч тал ГХЭ-ийг нь цэргийн зориулалтаар ашиглахгүй гэдгийг баталгаажуулахаас эхлээд олон нарийвчилсан нөхцөлтэй болж буй нь барууны бизнесүүдэд урьдчилан тооцоолох боломжгүй, тогтворгүй байдлыг үүсгэж байгаа аж.

Хөрөнгө оруулалт: Хятадаас бусад Азийн улс руу

Европын холбоо өнгөрсөн жил ГХЭ-ийн импортынхоо бараг талыг Хятадаас, үлдсэнийг нь Орос, Малайз тэргүүтэй улсуудаас аваад буй. Америк болон Европ Хятадын ГХЭ-ийн хамаарлыг бууруулахаар эрчимтэй хөдөлж байгаа ч бодит байдал дээр Хятад ГХЭ-ийн экспортоо чангаруулж, үүнийгээ гэрээ, хэлэлцээрт стратегийн хэрэгсэл болгон ашиглах нь ихсэх болов. Юутай ч Европын компаниуд Хятадын хамаарлыг бууруулахын тулд хөрөнгө оруулалтаа Зүүн Өмнөд Ази тэргүүтэй ГХЭ-ийн арвин нөөцтэй бүс нутаг руу шилжүүлэх бодлого баримтлах төлөвтэй байгаа. Өөрөөр бол Хятадаас бусад Азийн улс орнууд ГХЭ-д тулгуурлан их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж цаг минутаар нэмэгдэж байна.