БГД, ХУД СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй өнгөрөв. Учир нь тэнд олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн шүүх хурал болон урьдчилсан хэлэлцүүлэг болсон.
Эхнэрээ олон удаа хутгалж, онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал өглөө 9 цагт эхэлж, орой 18 цаг хүртэл үргэлжилсний эцэст Шүүхээс Н.Энхбатыг бүх насаар нь хорих шийдвэр гаргаж, мөн хохирогчийн сэтгэл санааны нөхөн төлбөрт 162 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.
Араас нь хоёр хүний амийг хөнөөсөн иргэн Ц.Д, түүний хамжигч Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг орсон юм. Энэ үед шүүхийн гадаа цугласан иргэд хэргийг нээллтэй хэлэлцэхийг шаардаж байв. Тэгвэл шүүх хуралдааны танхимд амь хохирогчдын ар гэрийнхэн хэсэгчлэн нээлттэй хийх хүсэлт гаргасан бол цогцос бүхий чемоданы хажууд нэг нь цай ууж байгаа, нөгөө нь хөлөө ачсан байдалтай сууж байсан хоёр хүний өмгөөлөгч нар бүхэлд нь хаалттай хийх хүсэлт гаргаснаар хэлэлцүүлэг хаалттай горимд шилжсэн.
Зураг дээрх хоёр иргэн хохирогч болох нь
эргэлзээтэй гэж шүүх дахин үзэв
Хэлэлцүүлэг хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өндөрлөж, шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Шүүхийн шийдвэрт:
Яллагдагч Ц.Д нь 2024 оны 06 дугаар сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, залилах, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа, яллагдагч Х.Э-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийн хамжигчаар тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын “... заналхийлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй үндэслэлийг өмнөх шүүх хуралдаанд гаргасан, ...” ба шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан буюу хохирогч Ч.Ш-ийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонгод хэргийн материал танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.
Нэмж хэлэхэд, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, тухайлбал уг хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн хэрхэн хамтран оролцсон зэргийг тогтоох ажлыг дутуу хийсэн гэж шүүгч үзсэн байна. Тодруулбал, цогцос бүхий чемоданы хажууд сууж байсан зургаар нь монголчууд мэддэг болсон Э.Г, Э.Н нар нь хохирогч биш хамжигч мөн гэж үзэж байгаагаа амь хохирогч Ч.Ш-ийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь удаа дараалан мөрдөн байцаагч болон прокурорт хэлж байсан, шүүх ч бас тэднийг хохирогчоор тогтоож байгаа нь эргэлзээтэй байна гэж үзсэн учраас хэргийг буцаасан байдаг. Хоёр шатны шүүх ижилхэн шийдвэр гаргачихаад байхад прокурор өнөөх хоёр иргэнийг дахиад л хохирогчоор оруулж ирсэн нь ЭХШХ-ийг зөрчсөн үйлдэл мөн гэдгийг шүүгч тайлбарласан. Шүүх нь прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Харин мөрдөн шалгах байгууллага нь прокурорын хяналт дор мөрдөн шалгадаг. Өөрөөр хэлбэл, шүүхэд мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах эрх хэмжээ байхгүй тул эрх, үүрэг бүхий байгууллага руу нь ийн дахин дахин буцаагаад байгаа хэрэг.
Ийнхүү амь хохирогчийн ар гэрийнхний хүсэл, олон нийтийн шаардлага, шүүхийн шийдвэр нэгэн цэгт огтлолцож, энэ хэрэг дээр нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар боллоо. Тэгэхээр хэрэг шийдэгдсэн гэсэн үг биш. Харин хэрэгт оролцогчдын статус өөрчлөгдөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, прокуророос хэргийг дахин шүүх рүү оруулж ирэхдээ хэрэг гарах үед хамт байсан Э.Г, Э.Н нарыг хамжигч гэсэн статус рүү шилжүүлэх болов уу гэсэн хүлээлт үүсэж байгаа юм.
Олон нийтийн дайралтад өртсөн өмгөөлөгч,
прокурор, шүүгч нар үүрэгт ажлаа хийсэн гэв
Зураг дээрх хоёр иргэнийг удаа дараалан хохирогч гэсэн статусаар оруулж ирээд байгаа прокурор нь ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биз, авлига авсан юм биш үү гэдэг хардлагыг иргэд илэрхийлсээр байгаа. Эрүүгийн хуульд заасанчлан прокурор нь мөн яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бодитойгоор тогтоож, шүүх рүү оруулах ёстой. Энэ үүргээ ч гүйцэтгээгүйг шүүгч хэлж байсан.
Өнгөрсөн өдрүүдэд үүссэн бас нэг асуудал нь “Алуурчид есөн өмгөөлөгч авсан байна. Мөнгөнд сүнсээ худалдсан өмгөөлөгчид ичээсэй” гэсэн байр суурийг олон иргэн илэрхийлж байсан. Тэгвэл уг хэрэгт оролцогчид болох 16 настай болон 32 настай амь хохирогчдын хууль ёсны төлөөлөгчид тус бүр хоёр өмгөөлөгчтэй, зурган дээр сууж байсан Э.Г, Э.Н нар тус бүр нэг өмгөөлөгчтэй байгаа. Харин яллагдагч Ц.Д болон хамжигч Х.Э нарт өмгөөлөгч олдоогүй учраас улсаас тус бүр нэг өмгөөлөгч томилсон юм байна. “Амь хохирогч Ч.Ш-ийн ээж Г.О нь охиноо алдсанаас хойш сэтгэл санаа нь цочролд орж, одоо хүртэл хэвийн байдалд орохгүй байгаа учраас хуульчийн ярьсныг сайн ойлгоогүй, есөн өмгөөлөгч бүгд нөгөө талд ажиллах юм байна гэж ойлгосон байсан” хэмээн түүний өмгөөлөгч Б.Солонго мэдэгдсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ “Өмгөөлөгч нар болон шүүх, прокурорынхон маш их дайралтад өртлөө. Энэ хүмүүс бүгд дор бүрнээ үүрэгт ажлаа хийж байгаа. Өмгөөлөгч нар хүн алсан талд ажиллалаа гэж буруутгаж байгаа. Өмгөөлөгч нар хүн алсан хүнийг өмгөөлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Түүнээс гадна бүх насаар нь хорих ял төлөвлөгдсөн шүүгдэгч заавал өмгөөлөгчтэй орно гэж хуульд заасан байдаг. Тиймээс улсаас өмгөөлөгч томилж өгсөн юм билээ” гэж хэлсэн.
Цуврал аллагын эхний хохирогч хэн болох нь тодорхойгүй
Цуврал алуурчин гэгдэж буй Ц.Д-ийн үйлдсэн бас нэг хэрэг нь 32 настай бүсгүйн амийг хөнөөгөөд гэрт нь хувцасны шүүгээнд хийж орхисон байсан нь дараагийн аллагыг мөрдөж байх явцад илэрсэн байдаг. Тэгвэл тэрхүү эмэгтэй хэн болох нь тодорхойгүй байгаа. Өчигдөр /2025.09.17/ болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тухайн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчид хамаарах хэсгийг хэлэлцэхдээ хаалттай явуулах хүсэлт гарсан. Тэрээр энэхүү хүсэлтийг гаргахдаа амь хохирогч болон өөрийн үйлчлүүлэгчдийн нэрийг нэг ч удаа дурдаагүйгээс харахад, ар гэрийнхэн нь өөрсдөө энэ хэргийг олон нийтэд дэлгэх хүсэлгүй байгаа нь ойлгогдож байгаа юм. Тэгэхээр нэгэнт хууль ёсны хохирогчид өөрсдөө хүсэхгүй байгаа болохоор хэвлэлийнхэн бид энэ хэргийн араас явах шаардлагагүй болов уу гэж үүнийг бичиглэгч миний бие ухварлаж байгаа. Учир нь амь хохирсон хүнд ч тэр, түүний ар гэрийнхэнд нь тэр өөрсдийн нэр төрийг хамгаалах эрх нь бий.