Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын Д.Амарбаясгалан "Төрийн байгууллагуудын ажил давхардал ихтэй, зөвшөөрөл, бүртгэл нэхэж, байгууллагын журам гэгчээр хүнд суртал үүсгэж байна.
"Есөн эрүү" мэт бичиг цаасны олон шат дамжлагыг багасгаж, процессын дахин инженерчлэлийг бүх салбар, шатанд хэрэгжүүлэх ёстой. “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 78 дугаар тогтоолыг баталсан." гэсэн. Түүний хэлснээр бол дахин инженерчлэлийг ганц нэг салбар төдийгээр оромдохгүй. Бүх шатанд хэрэгжүүлнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, улирал тутам олон нийтэд тайлагнаж ажиллах ёстойг сануулсан.
Процессын дахин инженерчлэлийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэрэгжүүлж байлаа. Иргэнд төрийн үйлчилгээ хүрэхдээ ямар асуудал гардгийг судалсан гэсэн үг. Энэ судалгаагаараа шаардлагагүй 1000 орчим процесс хэрэгжиж байна гэж гарч байлаа. Өөрөөр хэлбэл иргэн төрөөс үйлчилгээ авахад 1000 шаардлагагүй зүйлийг хийж байна гэсэн үг. Үүнийг арилгахгүйгээр төрийн үйлчилгээ иргэн төвтэй, иргэн нь төрдөө сэтгэл ханамжтай байна гэдэг худал. Тиймээс бүх төрийн байгууллагууд дахин инженерчлэлийг явуулж, хийж буй ямар ажилд нь хүндрэл гарч буйг тогтоох боломжтой болж байна. Үүнийг энэ намрын чуулганы хугацаанд амжуулахыг УИХ-ын дарга санууллаа.