НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг нь ирэх оны төсөвт суулгахад анхаарна уу гэлээ. Тус дүүрэг 19 хороотой, үүнээс 6 хороо нь байшин, 13 хороо нь гэр хороолол юм.
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлд хийж хэрэгжүүлэх онцлох бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто замын трассыг танилцуулж, тус дүүргийн тухайд хаана, ямар бүтээн байгуулалт хийх боломжтой вэ, ирэх жилүүдэд зураг төсөв нь бэлэн ямар ажил байна, ирэх онд хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх, газар чөлөөлж хийх шаардлагатай трасс, төсөл хөтөлбөр бий эсэхтэй танилцлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц гэсэн гурван тулгамдсан асуудал руугаа төвлөрч ажиллана. Энэ гурван том бэрхшээлээ даван туулахын тулд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Авто замын түгжрэлийн эсрэг 10, агаарын бохирдлыг бууруулахын тулд 6 ажил хийнэ. Үүнээс түгжрэлийг бууруулах чиглэлд хийхээр төлөвлөсөн 10 ажлыг онцгойлон танилцуулъя” гэлээ.
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Манай дүүрэг нэлээд уулархаг учраас, холбоос замуудтай. Тиймээс одоо байгаа зам болон туслах замаа өргөсгөх, гол замуудаа холбох, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгцээ бий. Нийслэлээс хийж хэрэгжүүлэх тойрог хурдын замтай энэхүү ажлаа уялдуулах гэж хичээсэн.
НИТХ-ын дарга А.Баяр “Re-Engineering, BRT, Олон түвшний уулзвар, Явган хүний гүүрэн болон нүхэн гарц, камержуулалт, явган болон дугуйн зам, авто зогсоол, бусад, захиргааны арга хэмжээ, боловсролын байгууллага зэрэг 10 чиглэлд анхаарч ажиллаж чадвал Нийслэл түгжрэл болон утааг бууруулах чиглэлд үсрэнгүй амжилт олно” гэдгийг тодотголоо.