Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
6 цагийн дараа
409
УИХ дахь АН-ын бүлгийн дараагийн дарга нь С.Эрдэнэболд болох уу

Ардчилсан нам даргаа аядуу тайван сонгосон. УИХ дахь Бүлгийн дарга О.Цогтгэрэл намын дарга болсон учраас “давхар дээл”-нийхээ нэгийг тайлах шаардлагатай байгаа. Харин түүний орыг хэн залгах бол гэсэн хүлээлт АН-ын гишүүд төдийгүй улс төр сонирхогчдод ч үүсээд буй.

Тэгвэл тус бүлгийн гишүүдээс одоогоор С.Эрдэнэболд нэрээ дэвшүүлэх саналаа илэрхийлээд байгаа юм байна. Түүнтэй өрсөлдөхөөр байр сууриа илэрхийлсэн өөр гишүүн хараахан гараагүй байгаа. Бүлгийн бусад гишүүд ч ерөнхийдөө дэмжих хандлагатай байгааг эх сурвалж хэлж байна. Гэхдээ цаг нь болохоор ах нараас хэн нэгэн нь өрсөлдөх л байх. Юун төлөө Ардчилсан нам билээ, өрсөлдөгчгүй сонгууль явуулахгүй биз ээ.

С.Эрдэнэболдын тухайд нам дотроо наяад оныхны төлөөллийн нэг мөн. Парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнө буюу өмнөх парламентын үед УИХ дахь намынхаа бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан болохоор бусад шинэ гишүүдээ бодвол хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай түрүүлээд танилцчихсан, учраа очихсон нэгэн гэхэд болно. Улс төрийн угшлын хувьд “экс” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамаардаг тал бий. Төрийн тэргүүн байхад нь “пиар”-ыг нь хариуцаж байсан болохоор тэр.

С.Эрдэнэболд нь Нийслэлийн 50 дугаар дунд сургууль болон Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, АНУ-ын Индианагийн Их сургуулийн Хуулийн сургууль, Харвардын Их сургуулийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн байдаг. Мэргэжлийн хувьд хууль тогтоох байгууллагад ажиллахад тохиромжтой дүр гэж хэлж болох юм.

Эрхэлж байсан ажлын тухайд, ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, Хүний нөөцийн ажилтан, Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг төрийн алба хашиж байсан. Харин улс төрийн ажлын туршлагын хувьд гэвэл АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоог зургаан жил удирдаж байсан.

Тэрээр мөн Улаан нүдэн гараг буюу “Марс” төслийн санаачлагч.  Монголын говь дэлхийн сансар судлалын шинжлэх ухааны төв болно гэсэн том амбицтай  энэхүү төсөл нь дэлхийн технологийн шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан удаатай. 2018 оноос эхлүүлсэн ч одоогоор зогсонги байдалтай байгаа.

С.Эрдэнэболдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, 2024 онд өөрийнх нь орлого 47 сая, гэр бүлийнх нь орлого 56 сая төгрөг байсан байна. Түүнчлэн 1.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууцны байртай,  31.7 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ширхэг эзэмшлийн газартай, 415 сая төгрөгийн үнэ бүхий Suzuki, Jimny болон Mercedes Benz, DAIMLER- 1 гэсэн хоёр авто машин хэмээн мэдүүлжээ. Мөн дөрвөн төрлийн малаа 70 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Хууль тогтоох байгууллагын нэгэн том багана болсон АН-ын бүлгийг хэн хэрхэн удирдах вэ гэдэг нь УИХ-аас батлан гаргах хууль, тогтоол, журмуудын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлөх учраас горилогчийн мэдээллийг хүргэлээ.