УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Тавантолгойн нүүрсний асуудлаар хянан шалгалтын түр хороо байгуулахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын гишүүн бүрд хандаж асуулт ирүүлсэн. Үүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нараас асууж өгөөч гэсэн хүсэлтийг илгээсэн. Н.Энхбаяр хэдийгээр өндөр дээд албан тушаал хашиж байсан ч гэсэн иргэн хүн. Хил холболтын асуудал нэлээн эргэлзээ төрүүлээд байгаа.
Өчигдөр, уржигдрын чуулганаар гишүүд энэ гэрээний худалдах, худалдан авах гэрээ нь ямар үнээр хийгдсэн бэ гэдгийг их асуусан. Хэрвээ энэ гэрээ хуудуутай, дутуу гэрээ хийгдсэн бол Засгийн газар энэ тогтоолыг дахин оруулж ирэхэд буруу байхгүй гэж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хэлж байна лээ. Би санал нэг байна. Миний оролцсон чуулганаар/2024.12.27/ чиглэл өгсөн тогтоолыг баталсан. Бидний санааг хамгийн их зовоож байгаа асуудал бол нүүрсний худалдаа ба үнийн асуудал. Үүнийг миний оролцсон чуулганы хуралдаанаар лав яриагүй. Үнийн асуудлыг би удаа дараа асуусан ч хариулаагүй.
Худалдах, худалдан авах гэрээг нууцалсан эсэхийг тогтоомоор байна. Есдүгээр сарын 9-нд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням болон Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар руу албан бичиг явуулсан. Одоогоор хариу нь ирээгүй байна. Н.Энхбаярын ярьсан шиг 10 тэрбум төгрөгийн алдагдалтай бол энэ байж болохгүй зүйл. Манай өнөөдрийн хэлэлцэж байгаа төсвөөс их мөнгө яригдаж байгаа учраас энэ ноцтой асуудал. 32 гишүүнээр гарын үсэг зуруулж энэ ажлыг цаашид хийнэ" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: