m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.09.19 15:26
1712
Төсвийн алдагдлаар нээнтэглэж, Г.Занданшатарыг унагаах лобби

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсоноос хойш маргааш 100 дахь өдрөө угтах гэж байна. Тэрээр томилогдсоноосоо хойш таван өдрийн дараа танхимынхаа бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж, маргааш нь захирамжаа гаргасан.

Аль ч Засгийн газарт парламентаараа батлуулан зарцуулах төсөв маш чухал байдаг. Хэдий чинээ их төсөв захиран зарцуулах эрх мэдэл байна, төдий чинээ ажил хийх боломж бүрдэнэ.

Шинэ Засгийн газрын тухайд энэ намар анхныхаа төсвийг батлуулах гэж байна. Үүнтэй зэрэгцээд Г.Занданшатарыг алдагдалтай төсөв оруулж ирлээ хэмээн нээнтэглэн, огцруулах лобби хийгдэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ямартаа л Г.Занданшатар “Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина.” хэмээн үг чулуудах вэ.

 

Энэ долоо хоногт нээлтээ хийсэн намрын чуулган шууд төсвөө хэлэлцэж эхэлсэн. Төсвийн тухай хуулийг дагаж, Үндэсний баялгийн сан болон Нийгмийн даатгалын сан, ЭМДС-гийн төсвийг ч хамт хэлэлцдэг. Бусад хуулийн төслийг хоёроос гурван удаа хэлэлцдэг бол Төсвийн хуулийг дөрвөн удаа хэлэлцдэг онцлогтой. Учир нь энэ хуулиар тухайн жилд Монгол Улс гэдэг айл хэдий хэмжээний орлого олж, хэдий хэмжээний зардал гаргах юм, төсвийн ерөнхийлөн захирагчдад хэдэн төгрөг хуваарилах юм, аль салбараа түлхүү дэмжих юм гэдгийг хэлэлцэн шийдвэрлэдэг учраас хамгийн их маргаан дагуулдаг, тэр хэрээрээ цаг ч их ордог.

Монгол Улсын төсвийн түүхийг сөхвөл, чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойшхи бүх цаг үедээ алдагдалтай төсөв баталж ирсэн. Төсөв хэлэлцэх бүрд төсвийн сахилга батыг хөнддөг ч нэдэр дээрээ хэрэгжүүлж чаддаггүй. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг парламент баталдаг. УИХ-ын гишүүн бүр л өөрийн тойрогт аль болох их төсөв хуваарилуулчих гэж зүтгэдэг. Дараагийн удаад дахин сонгогдох эсэхэд нөлөөлдөг болохоор арга ч үгүй биз. Хувь хүнийхээ хувьд ч нутаг орондоо ахиухан юм хийгээдэхье гэж санадаг л байлгүй.

Тэгэхээр алдагдалтай төсөв батлах нь зөвхөн Засгийн газрын алдаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. Энэ нь улс орны эдийн засгийн бүтэц, нийгмийн хөгжлийн үе шат, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс төсвийн алдагдлаар нээнтэглэн, шинэ засгийг унагаах нь улс төрийн богино хугацааны ашиг хайсан, явуургүй алхам л даа.

Энэ удаагийн төсвийн хуулийн төсөл өмнөх жилүүдийнхээс хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтыг олон жижиг төслөөр тараах бус, нэгдсэн зорилт бүхий томоохон бүтээн байгуулалтад төвлөрүүлэхийг зорьж буй. Хоёрдугаарт, орлогын бааз суурийг өргөтгөхөд илүү анхаарчээ. Тухайлбал, татварын шинэчлэлийг шат дараатай хийж, уул уурхайн орлогоос хэт хараат байдлыг бууруулах чиглэлд хэрэгжиж болохуйц зорилт тавьсан нь үнэлүүштэй. Түүнчлэн яам бүр салбарын төсвөө харъяа агентлагуудаас гадна мэргэжлийн холбоод болон иргэдийг оролцуулан, өргөн хүрээнд хэлэлцүүлсэн нь бас л дэвшил болсон.  Сайныг нь сайн гээд хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай билээ.

Дэлхийн бусад улс орны туршлагыг харахад ч, төсвөө алдагдалтай батлах нь түгээмэл байдаг. Жишээлбэл, дэлхийн хамгийн том эдийн засаг эргэлддэг гэх АНУ олон арван жил дараалан төсвийн алдагдалтай ажиллаж, түүнийгээ үндэсний бонд гаргах замаар нөхөж ирсэн. Япон улс ч гэсэн нийт өр нь ДНБ-ээсээ хоёр дахин давсан хэмжээтэй боловч мөн л дотооддоо бонд гаргах замаар санхүүжилтээ шийддэг. Гаднаас бус дотоодоос зээл авах нь валютын ханшийн хэлбэлзэл болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдана гэх мэт эрсдэл дагуулахгүй давуу талтайг эдийн засагчид хэлдэг.

Манай улсын тухайд, банк санхүүгийн салбарт эргэлдэж буй мөнгөн дүн хязгаарлагдмал, дээр нь өндөр хүүтэй болохоор дотоодын эх үүсвэрээс зээл авах боломж одоогоор хомс байгаа. Энэ салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах асуудал үе үе хөндөгддөг ч монголчууд хэдэн мал, газар нутаг, орон байраа гадныханд тавиад туучихна гэсэн айдсаар өнөөдрийг хүртэл хүлж ирсэн. Цаашид эргэж харах л хэрэгтэй.

Эцэст нь нөхөрсгөөр зөвлөж хэлэхэд, төсвийн алдагдал мэт хэзээнээсээ байсаар ирсэн асуудлаар нээнтэглэн, шинэхэн засгаа унагаах санаархлаа огцорсон сайд нар хаях хэрэгтэй. Намынхаа асуудлыг төрийн асуудал болгохын оронд өөрсдийнхөө эхлүүлсэн төслүүдийг үнэхээр урагшлуулах хүсэл эрмэлзэл байгаа бол зүгээр л “Ажлаа олигтойхон хийгээд өг” гээд ташуурдах хэрэгтэй шүү!