m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.09.19 19:30
2765
Ирэх өдрүүдэд өрнөх улс төрд өнгөлж мэдэх дүр

МАН-ын дотоод “зодоон” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаагаад намжсан уу гэвэл үгүй. Л.Оюун-Эрдэнийг нэг мөр “нүцгэлэхээр” шийдсэн ах нар дараагийн ээлжинд түүнээс намын тамгаа авахаар шийдсэн. Одоо намын даргын төлөөх ширүүхэн тулаан тэднийг хүлээж буй.  Ах нарын зүгээс төлөөний хүнээ эхлээд Ерөнхий сайдаар томилсон. Одоо барьцаа лавшруулж, Г.Занданшатартаа намын даргын суудлыг авч өгөх гэж буй. Өнгөн дээрээ хуулийн дагуу намын гишүүнчлэлээс татгалзсан төрийн тэргүүн маань нэдэр дээрээ намынхаа “Том ах” хэвээр байгаа төдийгүй бүх эрх мэдэл дээр өөрийн итгэлт хүмүүсээ байршуулж байгааг бид бэлхэнээ харж буй.

Том ахыг сөрсөн дүү нар эрх мэдлийн эрэмбээс эхнээсээ жийгдэж эхэлсэн ч эргээд байр сууриа эзлэхээр зүтгэж буй. Тэд Д.Амарбаясгалан дээр бооцоогоо тавьсан. Эрх баригч намын лидерүүдийн нэг, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайдад өрсөлдөх болов уу гэсэн таамаг, хүлээлт байсан ч тэр чимээгүй өнгөрсөн. Харин энэ удаа намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Тэрхүү мэдэгдлээс хойш түүний ойр тойрны хүмүүсийг АТГ-аас шалгаж эхэлсэн, барьж хорьсон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ бүхний хариуг Д.Амарбаясгалан дор бүрд нь цахим хуудсаараа дамжуулан өгч ирсэн.

Тухайлбал, 9 дүгээр сарын 14-ний өдөр МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна! Намайг холбож бичүүлж байгаа нөхөд эсрэгээрээ өөрсдөө түүнтэй хамтарч, юу юу хийж байсныг монголын ард түмэн мартаагүй. Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за. МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал! Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз. Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй. Би МАН-ын даргад өрсөлдөнө.” хэмээн гаргасан шийдвэртээ тууштай зогсохоо илэрхийлсэн байдаг.

Үүнээс нэг өдрийн дараа түүний нэр холбогддог нүүрсний хэргийг сөхөж буй хүмүүст хандан, хариу өгсөн байдаг.

 

Гурав хоногийн өмнө тэрээр “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу.” хэмээн нүүр хуудастаа постолсон нь намын даргын өрсөлдөөнөс нэрээ татах нь гэсэн хардлагыг олон хүнд төрүүлээд авсан. Гэвч энэ сэжиг таамгийн хариуд мөн л цохилт өгч, “Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ.” хэмээн дахин мэдэгдсэн.

Тэгвэл түүний өрсөлдөгч Г.Занданшатар өнөөдөр нүүр хуудастаа Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ.хэмээн хэнд хаягласан нь тодорхой пост оруулаад авсан.

Ийнхүү эрх баригч  намын лидерүүдийн дотоод зодоон төрийн өндөрлөгүүдийн цахим хуудсаар хөвөрсөөр.

Ямартай ч наяад оныхон дотроо хамгийн боломжтой хувилбар хэмээн тамга атгуулахаар сойж буй Д.Амарбаясгалан 15 жил намынхаа “гал тогоог сахиж”, найман жил “генсек”-ийн албыг хашиж, дараалсан ялалтуудыг удирдан зохион байгуулж ирсэн. Гурван удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, өдгөө УИХ-ын гишүүн төдийгүй хууль тогтоох байгууллагын даргаар ажиллаж байгаа гэхээр түүнд улс төрийн туршлага нь ч бий, өндөр эрх мэдэл ч байна. Хамгийн гол нь нам дотроо аль ч шатанд нь хөл сайтай байгаа нь түүний давуу тал. Ардын намын УИХ дахь бүлэгт хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүдээс парламентын дарга, бүлгийн дарга, байнгын хороод болон дэд хороодын даргын сонгодог бичигдээгүй хууль үйлчилдэг. Гэвч энэ жишгийг халж, парламентад анх удаа хөл тавьсан Д.Амарбаясгалан шууд дарга болсноос нь харсан ч нам доторх нөлөө нь жин дарсан хэвээр байгаа. Ийм нэгэн дүр ирэх өдрүүдэд өрнөх улс төрд өнгөлж мэдэх л юм.