Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр(А22.0) болох нь батлагджээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Халдвар судлагч эмч О.Бямбахишигээс тодруулахад "Нэг хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Архангайн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал дунд зэрэг байна. Боом өвчин малаас хүнд хавьтлын замаар дамждаг. Батлагдсан нэг тохиолдлын иргэн боомоор өвчилсөн үхэр төхөөрч байх үедээ арьс салстын гэмтлээр дамжин халдварласан. Мал эмнэлгийн байгууллагаас тухайн хүний сүрэгт нь үзлэг хийхэд боом өвчний сэжигтэй үхэр байхгүй байсан. Ойр хавийн өрх айлын малыг нэмэлтээр вакцинжуулалтад хамруулж байгаа" гэлээ.