Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалтад 2024 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг яриа хэлэлцээнд урьж, анхны уулзалтаа 2025 оны 9 дүгээр сарын 19, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Стратегийн ач холбогдол бүхий ордын ойлголтыг анх 2006 онд Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлж, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг анх стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан нь 2015 онд нэгээр нэмэгдэж, 16 орд болсон бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр нийт 39 ордын асуудлыг Засгийн газарт даалгаснаас хойш эдүгээ 18 жил өнгөрсөн байна.
Тус тогтоол батлагдсанаас хойш даруй 12 жилийн дараа Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Гэвч уг заалтын хэрэгжилтийг хэрхэн хангах, ямар хувилбар нь илүү бодитой, илүү оновчтой байх талаар нэгдсэн ойлголт бий болж чадаагүй, хууль эрх зүйн орчин тодорхой бус хэвээр байгаа тул Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс салбарынхаа нийтлэг эрх ашгийн үүднээс үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа.
Ялангуяа, Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах үед хууль тогтоогчийн зүгээс хүсэл зоригоо Улсын Их Хурлын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тодорхой илэрхийлсэн байдаг. Тодруулбал, дээрх өөрчлөлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын зүгээс Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа “...Ер нь үр өгөөжийн дийлэнхийг гэдэг үгийг ерөөсөө байгалийн баялгийг, стратегийн ордыг ашиглах дээр дандаа төрийн өмч давамгайлсан компани байгуулаад, төр бүгдийг нь мэддэг болно гэсэн үг биш шүү. Мэдээж төр оруулж байгаа хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээрээ л өмчлөөд явна...” хэмээн хууль тогтоогчийн хүсэл зоригийг танилцуулж байсан.
Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг хүчээр тулган шийдэх бус, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай харилцан зөвшилцөлд хүрэх замаар шийдвэрлэх хэлэлцээ нь зөвхөн төрийн эрх ашигт нийцэхээс гадна хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой.
Хэлэлцээрийн ширээний ард сууж, хоёр талдаа тэгш эрхтэйгээр байр сууриа илэрхийлж, тодорхой зарчим, урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдэлд хүрэх нь стратегийн ордуудын ашиглалтад тогтвортой байдлыг бий болгоно. Энэ нь нэг талаас улсын төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг баталгаажуулах, нөгөө талаас компаниудын бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Иймд компанийн эрх ашгийг харгалзан үзэхийн зэрэгцээ салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн үр өгөөжийг бодитой нэмэгдүүлэх, цаашлаад улсын төсвийн тогтвортой байдлыг хангах нь стратегийн ордуудыг зохистой ашиглах бодлогын үндсэн зорилт байх ёстой юм.
Өнөөгийн байдлаар төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэх ерөнхий мэдээлэл л байна. Төрийн байгууллагуудын зүгээс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой яг хэдэн хуулийн этгээд байгаа эсэх талаар нэгдсэн байдлаар гаргаж чадахгүй, бүртгэл мэдээлэл нь харилцан зөрүүтэй байна. Тухайлбал, Сангийн яамнаас нийт 339 аж ахуйн нэгж, Үндэсний аудитын газраас 537, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 642 аж ахуйн нэгж байна гэж мэдээлсэн нь үүнийг баталж байна. Иймд төрийн өмчит компанийн менежментийн үр бүтээмжгүй байдлаас харвал стратегийн ордуудад ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгжид төр хувь хувьцаатай болсноор Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ гэх үндэслэл хангалтгүй байна.Энэ хүрээнд хууль дээдлэх зарчмын хүрээнд хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Учир нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 дугаар зүйлийн 261.3 дахь хэсэгт тухайлан “Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байдаг. Хууль хэрэглээний зохицуулалт, жишгийн тухайд ч эрүү, иргэн, захиргааны маргаанд хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд гагцхүү хуулийн үйлчлэлд өртөж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд хууль буцаан хэрэглэж болох нийтлэг зохицуулалт, зарчим үйлчилдэг.
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт болон Ашигт малтмалын тухай хуульд оруулсан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний нэмэлт, өөрчлөлтийн аль алины тухайд уг хуулийн өөрчлөлтүүдийг буцаан хэрэглэх тухай хуульчилсан зүйл байхгүй байх тул буцаан үйлчлэх ёсгүй гэж үзэж байна.
Гэтэл, стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн ордуудад Ашигт малтмалын тухай хуулийн 2024 оны өөрчлөлтийн дагуу дахин төрийн эзэмшил тогтоох асуудал хөндөж байгаа нь оновчтой хувилбар биш юм. Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй. Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бусдын хувийн өмчийг үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд авах агуулга огт байгаагүй. Хэрэв хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр авдаг хувьцааг төр үнэ төлбөргүйгээр авах тохиолдолд энэ нь Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн баталгааг үгүй хийх юм. Ингэснээр тус хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглосонтой зөрчил үүснэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “3.2.2.1.Иргэн, хуулийн этгээдийн хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна.” гэж тусгасан нь хэлэлцээр хуулийн хүрээнд амжилттай явагдахгүй бол уг заалт нь хий хоосон амлалт болох эрсдэлтэй.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монголд хэрэгжсэн том төслүүдийн цаана зөвхөн хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулалт л байсан. Харамсалтай нь бид олон боломжийг алдсан. Төр ТЭЗҮ дээр түүх болон үлдэж, 3D макет дээрээ гацсан төслүүдтэйгээ өнөөдрийг хүрлээ. Нэг ч бодитой хөтөлбөр хэрэгжүүлээгүй мөртлөө, хөрөнгө оруулагчдаа үргээн, хөгжих боломжоо хааж ирсэн.
Шинэ хууль батлах, хуулиа байнга өөрчлөх, шинэчлэх явц нь бүх салбарын бодит үйл ажиллагааг тасралтгүй доголдуулж, дунд болон урт хугацаанд сөрөг үр дагавар авчирч байна. Урт нэртэй хууль, Шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохыг зогсоосон зэрэг үйл явц бүрд уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагаа тасалдсаар ирсэн.
Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил нь зөвхөн нэг талын хүчин чармайлтаар бус, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт зэрэг бүх талын хамтын ажиллагааны үр дүн юм. Үүний тулд төрийн бодлого тогтвортой байх, төрийн бүх шатны байгууллага гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг бодитоор хангах нь зайлшгүй шаардлагатай байна. Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөлд хүний нөөцийн хомсдол, олон нийтийн ойлголт, дэмжлэг зэрэг тулгамдсан асуудлууд олон байна. Хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангахын төлөө бодлогын түвшинд талууд хамтран ажиллах, арагшаа ухарсан биш, урагшаа харсан шийдвэрүүд хэрэгтэй.
Олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын зүгээс уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хувийн өмчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсэж байна.
Иймд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь салбарын төлөөлөл дүрэмд заасан зорилгынхоо хүрээнд тус салбарт хариуцлагатайгаар манлайлан ажиллаж буй гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан, уулзалт хэлэлцээрийн үйл явцад ажиглагчаар оролцон, хэлэлцээрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэхийг ажиглах боломж нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Холбогдох мэдэгдэл, хүсэлтийг албан бичгээр илгээх болно. Уг хэлэлцээрийн үр дүнд олон жил үл ойлголцсон асуудлууд нэг талдаа гарч, хувийн өмчид төрийн хувь эзэмшлийг тогтоохоос илүү боломжит бусад хувилбаруудыг хэлэлцэн талууд ойлголцолд хүрнэ хэмээн найдаж байна.