Засгийн газрын 2025 оны 170 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг тогтоосон. Ингэснээр Канад улсад төвтэй “Онтрэ ресурс лимитэд” компанийн шууд хөрөнгө оруулалттай, түүний охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй “Жавхлант”, “Шивээ толгой” хэмээх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эрх зүйн орчин бүрдсэн юм.
Уг талбайн эзэмшлийн асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дагуулж ирсэн ч өнөөдрийг хүртэл нэг тийш болгож шийдвэрлэсэнгүй. Тиймээс О.Батнайрамдал нарын УИХ-ын нэр бүхий 89 гишүүн санал нэгдэж, гарын үсэг зурснаар “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хянан шалгах түр хороо УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан. Түр хорооны бүрэлдэхүүнд О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Д.Пүрэвдаваа, Б.Жаргалан, Ө.Шижир нарын 11 гишүүн ажиллаж байгаа бөгөөд ахлагчаар нь О.Батнайрамдал гишүүн томилогдсон.
Түр хороо нь “Оюутолгой” төсөлд холбогдох хоёр асуудлыг хянан шалгах үүрэг хүлээсэн. Эхнийх нь стратегийн ач холбогдол бүхий “Жавхлант”, “Шивээ толгой” хэмээх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбайд Монгол Улсын эзэмших хувь хэмжээг тогтоох асуудал юм. Энэ талаар дараагийн нийтлэлд өгүүлбэх болно.
Түр хорооны ажиллаж буй дараагийн асуудал нь зээлийн хүү. Тодруулбал, “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний 11.3(ё)-д заасны дагуу 2025 онд багтаан “Оюутолгой” төслийг санхүүжүүлсэн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авахад УИХ-аас дэмжлэг үзүүлж ажиллахад чиглэж байгаа юм. Гэрээний уг заалтад долоон жил тутамд Санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ зохистой эсэхийг хянан үзэхийг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүг бууруулах боломжтой гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” төсөлд нийт 12 тэрбум ам.долларын санхүүжилтыг зээлээр авч, жилд 11.2 хувийн хүү төлж байгаа. Ийм өндөр хүүтэй зээлийг төслийн 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” өөрийн хамаарал бүхий “Туркойз хиллс” компаниас зээлж авсан байдаг. Ийнхүү ордыг маань ухаж нэг ашиг олно, нэмээд мөнгө хүүлдэг. Гэтэл баялгийн эзэн Монгол Улс газраа ухуулж, баялгаа ашиглуулж байж, өөрт оногдох хувийг өндөр хүүтэй зээлээр авна. Зээл нь хүүгийн хүү гээд математик прогрессоор өсөж үржсээр байгаа. Аливаа гэрээ хэлцэлд оролцогч талуудад “Win:win” зарчим үйлчлэх ёстой.
Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй орнууд олон улсын санхүүгийн зах зээлээс 0-4 хүртэл хувийн хүүтэй зээл авч, бонд босгож байгаа байгаа бол хөгжиж буй орнуудын авч байгаа зээл, бондын хүү 4-8 хувийн хүүтэй байна. Гэтэл бид 11.2 хувийн хүү төлж буй. Ийм өндөр зөрүүтэй байхад зээлийн хүүг бууруулах талаар ямар ч алхам хийхгүй байгаа Засгийн газар, Сангийн сайд хэний эрх ашигт үйлчлээд байна вэ гэж хардахад хүрч байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Хянан шалгах түр хороо хэд хэдэн удаа хуралдсан ч хуралдааны тэмдэглэл ил биш, хэн юу хэлж, ямар үр дүн гарсан нь тодорхойгүй байгаа. Аливаа зүйл нууц байх тусам эргэлзээ, хардлага төрүүлдэг. Ер нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой бүхэн “нууц”-д шилждэг нь хачирхалтай.
Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хэлснээр хэрвээ бид зээлийн хүүг бууруулж чадвал ногдол ашиг авах хугацааг 8-10 жилээр наашлуулж чадна. Энэ боломжийг ашиглахгүй бол дахиад долоон жил хүлээх болно.