Монгол Улсад тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ үед цахилгаан тамхины татварын асуудал олны анхаарлыг татаж байна. Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн О.Номинчимэг цахилгаан тамхийг “янжууртай адил хор хөнөөлтэй” гэж мэдэгдэж, ДЭМБ-ын байр суурийг баримталж буйгаа онцолдог. Гэвч бодит байдал дээр ДЭМБ-ын зөвлөмжөөс эрс зөрүүтэй бодлого боловсруулах гэж буй нь ноцтой зөрчил дагуулж байна.
ДЭМБ цахилгаан тамхи болон халаадаг тамхи зэрэг бүтээгдэхүүнийг уламжлалт янжууртай ижил түвшинд харахгүй, харин тусгайлсан зохицуулалттай байх ёстой гэж үздэг. Татварыг тухайн улсын худалдан авах чадвар, инфляцын түвшинтэй уялдуулан тогтоох боломжтой гэж мөн зөвлөдөг байна.
2023 онд Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны гишүүд Женевт ДЭМБ-аас зөвлөгөө авах үеэр цахилгаан тамхи болон халаадаг тамхинд тогтоох татвар нь уламжлалт янжуурынхаас дунджаар 85% бага байхыг онцолж байв.
2025 оны 3 дугаар сард ДЭМБ-аас Монгол Улсад зориулж гаргасан бодлогын зөвлөмжид ч цахилгаан тамхины шингэнд ногдуулах онцгой албан татварыг 1 мл тутамд 87 төгрөг байхаар тооцсон нь тусгагдсан. Энэ нь олон улсын жишиг болон шинжлэх ухаанд суурилсан бодлогын хүрээнд боловсруулагдсан үзүүлэлт юм.
Гэтэл УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн ахалсан ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төсөлд цахилгаан тамхины шингэний 1 мл тутамд 870–1000 төгрөгийн татвар ногдуулах заалт оржээ.
ДЭМБ-ын санал болгосон 87 төгрөгөөс арав дахин өндөр энэ татварын түвшин бодит зөвлөмжтэй нийцэхгүй.
Энэ алхам нь олон улсын туршлага, ДЭМБ-ын эрдэмтдийн боловсруулсан аргачлалыг үл тоосон, улмаар хэрэглээний хяналтаа сулруулж хар зах зээлийг дэмжих эрсдэлтэй.
Хэт өндөр татварын эрсдэл
Ийм бодлого хэрэгжүүлснээр дараах эрсдэл үүсэх магадлал өндөр байна:
Хар зах зээл тэлэх – хэрэглэгчид хууль бус сүлжээгээр хангагдаж, хяналтгүй бүтээгдэхүүн өргөжнө.
Хуулийн хэрэгжилт сулрах – бодит амьдралд мөрдөх боломжгүй өндөр татвар хяналт, хэрэгжилтийн хоосон зайг бий болгоно.
Контрабандын урсгал нэмэгдэх – бүс нутгийн бусад улсаас хямд үнэтэй бүтээгдэхүүн хууль бусаар орж ирэх нөхцөл бүрдэнэ.
О.Номинчимэг гишүүний “ДЭМБ-ын байр суурийг баримталж байна” гэсэн мэдэгдэл бодит үнэнтэй зөрчилдөж байна. ДЭМБ Монголд цахилгаан тамхины 1 мл тутамд 87 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахыг зөвлөсөн байхад, шинэ хуулийн төсөлд 870–1000 төгрөгөөр оноох заалт оруулсан нь бодит зөвлөмжөөс арав дахин өндөр татвар тогтоох оролдлого юм.
Энэ нь зөвхөн хэрэглэгчдийн сонголтыг хумихаас гадна хууль бус худалдааг өөгшүүлэх, улс орон хяналтаа алдах эрсдэлтэй бөгөөд олон улсын байгууллагын шинжлэх ухаанд суурилсан бодлогын чиглэлтэй нийцэхгүй байгаа юм.