Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.09.23 12:24
422
Б.БАЯРБААТАР: Газрын ховор элементийн эрэлтийг 100 хувь гэж тооцвол нийлүүлэлт нь 25 хувьтай байна

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголыг ахалж буй Б.Баярбаатараас байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Наадмын өмнө ЭЗБХ, Байгаль орчны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Халзан бүрэгтэйн асуудлаар хяналтын сонсгол хийхээр товлож, намайг сонсгол зохион байгуулах даргаар томилсон. Хоёр сар гаруйн хугацаанд энэ асуудлыг нэлээд судаллаа. Ховд аймагт очиж ажиллалаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчид болон төсөл хэрэгжүүлэгч компанитай уулзалт хийсэн.

Төсөл хэрэгжүүлэгч компани газрын ховор элементийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл нутгийн иргэд эсэргүүцэн зогсоосон байдаг.

Газрын ховор элементтэй холбоотой сөрөг мэдээллийг иргэдэд их өгсөн байна. Манай улс түүхэндээ газрын ховор элемент олборлож байгаагүй. Хэрвээ олборловол хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө байна уу, байгаа бол бид яаж урьдчилан сэргийлэх юм, нөхөн сэргээлтийг яаж хийдэг юм, технологи нь ямар байдаг юм гэх мэт нарийн мэдээллийг экспертүүд сонсголын үеэр өгч байна.

Хоёрдугаарт, геополтикын асуудал байна. Газрын ховор элементийн эрэлтийг 100 хувь гэж тооцвол нийлүүлэлт нь 25 хувьтай байна. Энэ 25 хувийн наяас дээш хувийг БНХАУ нийлүүлдэг. Гэтэл цаана нь дахиад 75 хувийн эрэлт үүсчихээд байна. Тиймээс Монгол улс нөөцөө гүйцэд тогтоох, цаашилбал олборлолт хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад газрын ховор элементийн зургаан орд илрээд байна.

Иргэдийн хувьд төрж өссөн газар нутгаа хөндүүлнэ гэдэг эмзэг асуудал мөн. Энэ хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангахын тулд Ховд аймгаас 65 иргэн, Мянгад сумаас 50 иргэнийг сонсголд оролцуулж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: