Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.09.23 14:53
1285
С.ЗУЛПХАР: “Рио Тинто” 4-5 хувийн хүүтэй зээл аваад, “Оюутолгой”-д 11.2 хувийн хүүтэй зээлүүлж байгааг бид засах ёстой

“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Зулпхартай төслийг монголын талд үр ашигтайгаар  хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр сар өнгөрч байна. Энэ хугацаанд юу амжуулав?

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд үйл ажиллагаа эрчимтэй явуулж ирлээ. Хянан шалгагч нарыг томиллоо. Шинжээч нарыг томилсон. Холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсож байна. Нэлээд нарийн мэдээлэлтэй болсон. Энэ бүхний үр дүнд Түр хорооны гишүүд ойлголтуудаа нэгтгэн, цэгцэлж байна.

“Оюутолгой” төсөл бол Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдолтой төсөл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөөтэйгүүр, гадны хөрөнгө оруулалтыг татсан бидний анхны том туршлага. Гэхдээ төслийг хэрэгжүүлэх явцад гарсан тодорхой нөхцөл байдлуудыг хянаж үзэх шаардлага бий болсон.

Өнөөдөр Монгол Улсын төсвийг хэлэлцэж байна. Төсөв бол эдийн засгийн нэг томоохон бүрэлдэхүүн. Эдийн засгийн бусад томоохон бүрэлдэхүүний нэг нь “Оюутолгой” төсөл. Тэгвэл энэ төсөл цаашид дунд болон урт хугацаандаа төсөвт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг эргэж харах шаардлагатай байгаа.

Төсөл хэрэгжиж эхлэх үед хувь нийлүүлэгчид хоорондоо гэрээ байгуулж, “Рио тинто” компаниас 6.1 тэрбум ам.долларын зээлийг жилийн 11.2 хувийн хүүтэй авсан. 2025 оны байдлаар энэ зээл хуримтлагдсан хүүгийн хамт 12.1 тэрбум ам.доллар болсон байна. 2025 онд бид 1.3 тэрбум ам.доллар төлөх ёстой. Өдөр бүр 3.5 сая ам.доллар буюу 10 тэрбум төгрөг төлнө гэсэн үг. 2037 оноос Монгол Улс өөрт ногдох ашгийг хүртэж эхэлнэ  гэж тооцсон байдаг. Гэхдээ тэр үед “Оюутолгой” төслийн өр 24.1 тэрбум ам.долларт хүрнэ. Үүний 18 тэрбум нь хуримтлагдсан хүү. “Рио Тинто” компани олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэй зээл авч байгаа хэрнээ “Оюутолгой” төсөлд 11.2 хувийн хүүтэй зээл олгож байгааг бид эргэж харах ёстой.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа хэлэлцэх ёстой. Тэр мөчлөг нь энэ онд тохиож байгаа. Он дуусахад 100 хүрэхгүй хоног үлдээд байхад Засгийн газар хөдлөхгүй байна. Түр хорооноос хэр шахалт үзүүлж чадах вэ?

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлж эхэлж байсан үетэй харьцуулахад өнөөдөр манай Засгийн газрын зээлжих зэрэглэл харьцангуй сайжирсан. Эдийн засаг, санхүүгийн байдал ялгаатай болсон. Засгийн газрын авдаг зээлийн хэмжээ 5-6 хувийн хүүтэй байгаа. Манай хувийн хэвшлийнхэн ч олон улсын санхүүгийн зах зээлээс 7-8 хувийн хүүтэй зээл авч байгаа. Тиймээс төслийн зээлийн хүүг бууруулах нь уг төслөөс ашиг хүртэх хугацааг наашлуулах боломж гэж Түр хороо үзэж байгаа.

ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гишүүд нь тооны харьцааны хувьд дутмаг байгаа нь асуудлыг нааштай шийдвэрлүүлж чадахгүйд нөлөөлж байна гэдэг. Компаний засаглалыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Тийм ээ, “Оюутолгой” төслийн ТУЗ-д монголын тал гурав, “Рио Тинто” зургаан гишүүнтэй. ТУЗ-ийн хурал дээр манай талаас санал гаргахаар нөгөө тал ихэвчлэн хүлээж авдаггүй гэдгийг ТУЗ-ийн гишүүд маш тодорхой хэлдэг.

9 дүгээр сарын эхээр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг сольсон. Энэ талаар ТУЗ-ийн гишүүд, түүний дотор монголын талын ТУЗ-ийн гишүүдэд огт мэдэгдээгүй. Компаний засаглалын хувьд гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж болно. Менежмэнтийн баг нь зөвхөн “Рио Тинто”-д мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцуулчихаад, ТУЗ-д мэдээлэл өгдөггүй.

Тэгэхээр компаний засаглалыг илүү сайжруулахын тулд цаашид аль нэг талынх нь биш, харин төслийн  өөрийнх нь үр ашгийг дээшлүүлэх үүрэгтэй хараат бус ТУЗ-ийн гишүүдийг томилох шаардлагатай. Нөгөөтэйгүүр, санал хураахтай холбоотой хориг тавих эрх гэж байх ёстой. Ихэнх үндэсний болон олон улсын хэмжээний томоохон төслүүд дээр зээл авах болон үйл ажиллагааны тодорхой менежмэнттэй холбоотой асуудлаар хориг тавих эрхийг нээх ёстой.