"Халзан бүрэгтэй" ордын талаар хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Галбадрах газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгох ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Халзан бүрэгтэйг социолизмын үед илрүүлж, нөөцийг нь тогтоосон. Ерээд оны сүүлээс эхлээд 2001 оны үед лицензээ авсан, сүүлийн жилүүдэд нэлээд идэвхтэй хайгуулж хийж байгаа компани.
Орон нутгийн иргэдийн ойлголт дутмаг, хайгуул хийж байгаа компани нь бас иргэдэд мэдээллээ зөв өгөөгүйгээс ойлголцлын зөрүү гарч, тэмцэл хөдөлгөөн өрнөсөн. Дунд нь ажиллагаа явуулдаг бүлэглэл ч байх шиг байна.
Миний хувьд нутаг орноо удирдаж байсан хүний хувьд, ирээдүйд нь санаа зовдог хүний хувьд хайгуул, судалгааны ажил тасралтгүй хийгдэж байх ёстой гэж үздэг. Аль ч элемент, ямар ч ашигт малтмал дээр. Хайгуулын ажил нь хор хөнөөл багатай, ер нь бараг гарахгүй дээ. Өрөм тавиад, дээжээ аваад, лабораторид шинжилж, нөөцөө тогтоодог. Технологио боловсруулаад, тоног төхөөрөмжөө сонгоод, тэгээд ТЭЗҮ-ээ боловсруулдаг. Маш их хөрөнгө мөнгө шаарддаг, нүсэр том ажил. Хайгуулын ажил ашиглалтаас 10-20 жилээр түрүүлж явах ёстой.
Хоёрдугаарт, Халзан бүрэгтэй орд нь Ховд аймгийн Хар ус нуурын сав газар, Их нуурын хотгор гэж дархан цаазат газарт байдаг. Ховд аймаг бол усалгаат газар тариалан эрхэлдэг. Тэр бүс нутагт хадлан тэжээлийн үйлдвэрлэлийн 80 хувь нь явагддаг. Мөн мал аж ахуй ч эрхэлдэг. Хэрвээ Халзан бүрэгтэйд олборлолт хийх нь байгаль орчинд хор хөнөөлтэй гэж үзэх юм бол хамгийн түрүүнд ийшээ л ирнэ. Энэ нь ХАА-н бүтээгдэхүүний чанарт нөлөөлнө. Малчдын мал мах борлогдохгүй болох юм бол яах юм гэдэг асуудал үүснэ. Тэр утгаараа би БОАЖЯ-ны үнэлгээг харлаа. Маш хангалтгүй байна. Сумын ард иргэдийн аж амьдралд яаж нөлөөлөх юм гэдэг нь тодорхойгүй. Та бүхний бүтээгдэхүүнийг бид ингэж худалдаж авч, эргэлтэд оруулна гэдэг санал байхгүй.
Гуравдугаарт, төр Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогоо гаргах ёстой. Хэзээ нэг цагт ашиглаж таарна. Тэр үед хэдэн хувийг нь шууд гаргах юм, хэдэн хувийг нь ялгах юм, хэдэн хувиар нь үндэсний үйлдвэрлэл явуулж, өндөр сорондон гэх мэт эцсийн бүтээгдэхүүн гаргах юм гэдгээ зарлах ёстой гэв.