Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос ЭМДС-гийн санхүүжилтийн талаар тодрууллаа.
ЭМДС мөнгөгүй болж, иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгтэй үедээ үнэ төлбөргүй авч чадахгүй байна гэж гомдоллох болсон. Хөрөнгө мөнгийг нь зориулалтын бусаар зарцуулсан уу эсвэл төсвөөс санхүүжилт нь орж ирэхгүй байна уу? Ажлын хэсгийн шалгалтын үр дүнг сонсъё...
ЭМДС-гийн үйл ажиллагаа доголдож байсан ч гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шуурхай болсон. Нөгөөтэйгүүр, эмнэлгүүд ханиад хүрсэн хүнийг хатгаа хүрсэн болгоод, шинжилгээ хийлгээд явчих хүнийг эмнэлэгт хэвтүүлдэг ч юм уу, иймэрхүү байдлаар даатгалын сангийн хөрөнгийг хэт үрэлгэн байдлаар зарцуулдаг. Үүнээс болж ЭМДС-гийн санхүүжилт тасалдах, өр үүсэх асуудал үүссэн юм байна гэдэг нь шалгалтаар тогтоогдож байна.
Үүнэс гадна ЭМДҮЗ, НДЕГ-ын удирдлагууд ажилдаа хариуцлагатай хандаж чадсан уу гэдэг дээр мөн шалгалт хийгдэж байна. Дүн нь удахгүй гарна.
Хоёр дэд ажлын хэсэг байгуулагдсан. Нэгдүгээрт, алдаа, дутагдал, зөрчил нь юундаа байна вэ гэдгийг шалгаад, нэг дүгнэлт гаргана. Түүн дээрээ тулгуурлаад цаашид хэрхэн яаж шийдвэрлэх ёстой юм бэ, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ, алдаа гаргасан албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Хоёр дэд ажлын хэсгийн дүн хараахан гараагүй байна. шалгалтын дүнг нэгтгэхээр дахин мэдээлэл өгье.
Үүссэн өрийг хэрхэн барагдуулах вэ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн тасалдуулахгүй явуулах вэ гэдэг дээр салбарын сайд нь тодорхой ажил хийгээд явж байгаа.
“Оюутолгой” төслийн зээлийн хүүг өөрчлөх, “Онтре” компанитай хувь эзэмшлээ тохирох гээд тулгамдсан хоёр асуудал дээр Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Ерөнхий сайдын захирамжаар Оюутолгойтой холбоотой гурван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. “Оюутолгой”-той холбоотой Арбитрын шүүх дээр явж байгаа маргааныг Хууль зүйн сайд Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байгаа. “Оюутолгой”-н бүлэг ордын хил заагийн асуудлаар Г.Дамдинням сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлан ажиллаж байгаа. Санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт долоон жил тутамд нэг удаа өөрчлөлт оруулах заалттай. Гэхдээ хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр зээлийн хүүнд өөрчлөлт оруулах боломжгүй гэдэг асуудал байх ёсгүй.