Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.09.24 11:30
1021
Тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт явуулах гэсэн алтны компаниудын лобби бүтэлгүйтлээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы энэ өдөр (2025.09.23)-ийн нэгдсэн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцлээ.

Өнгөрөгч 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан уг тогтоолын 1.5 дахь заалт нь “Алт 3” аяны хүрээнд тусгайм хамгаалалттай зарим газар нутгийг хамгаалалтаас хэсэгчлэн гаргах агуулга байсан бөгөөд төрийн тэргүүний хувьд “Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой.хэмээн байр сууриа илэрхийлж, уг заалтад хориг тавьсан.

Энэ асуудлыг өчигдөр ТБХ-оор хэлэлцээд 85 хувь нь дэмжсэн бөгөөд өнөөдөр /2025.09.24/ УИХ мөн дэмжлээ. Ерөнхийлөгч дээрх тогтоолын 3 дахь заалтад мөн хориг тавьсан байсан. Энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн ТБХ-ны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүд мөн дэмжлээ.

Ийнхүү Монгол Улсын Их хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан хоригийг УИХ хэсэгчлэн хүлээн авч, хэсэгчлэн дэмжсэнгүй. 

Экспортын орлого нь ганцхан нүүрснээс хамааралтай манай улсын тухайд экспортын бүтээгдэхүүнийг солонгоруулах шаардлага бий. Учир нь нүүрс нь зах зээлд маш мэдрэг, үнэ нь байнга хэлбэлзэж байдаг бүтээгдэхүүн. Ялангуяа үнэ буурсан үед Монгол Улсын төсвийн орлого тасалдах, төлөвлөгөөндөө хүрэхгүй байх эрсдэл өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа тохиолдож байсан.

Тийм ч учраас үнийн хэлбэлзэлд бага өртдөг, тэр бүү хэл ирээдүйд үнэ цэн нь улам өсөх төлөвтэй байгаа алтны экспортыг нэмэгдүүлэх байр суурийг одоогийн болон өмнөх Засгийн газар байнга илэрхийлж ирсэн. Мэдээж, үүний тулд эхлээд олборлолтыг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс илүүтэй валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал үүрэгтэй.

Гэсэн хэдий ч тусгай хамгаалалттай газар нутгаа ухах нь зохисгүй гэх иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч ирсэн. Гэхдээ Засгийн газарт заавал тусгай хамгаалалттай газар нутагтаа халдалгүйгээр бусад бүс нутагт хайгуул хийж, шинэ нөөц илрүүлэх боломж бас бий. Ямартай ч тусгай хамгаалалттай  газар нутагт олборлолт хийх гэсэн алтны компаниудын лобби энэ удаа бүтэлгүйтлээ.