“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр /2025.09.24/ хуралдаж буй. Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Э.Болормаагаас байр суурийг нь тодрууллаа.
“Оюутолгой” төслийн санхжүүжилтийн зээлийн хүүг бууруулах мөчлөг энэ онд тохиож байгаа ч Засгийн газар энэ талаар хэлцэл хийхгүй байна. Энэ ажлыг урагшлуулах тал дээр Түр хорооны ямар арга хэмжээ авч байгаа вэ?
О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан Түр хороо ажлаа хийгээд явж байгаа. Түр хороо “Онтре” ХХК-ийн хувь эзэмшил болон зээлийн хүү гэсэн хоёр асуудлыг хянан шалгаж байгаа. Аль аль нь цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал мөн.
Таны хэлсэнчлэн зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа хянан хэлэлцэхээр гэрээнд тусгасан байгаа. Энэ боломжоо ашигла, эрхээ эдлэ гэсэн байр суурьтай байгаа. Төслийн зээл 11.2 хувийн хүүтэй байгаа. Гэтэл манай Засгийн газрын бонд 4-6 хувийн хүүтэй байгаа. Засгийн газрын бонд гэдэг бол баталгаатай зээл гэж үздэг учраас бага хүүтэй байдаг. Тийм учраас Засгийн газар яаралтай хэлэлцээрт орох хэрэгтэй. Үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.
“Оюутолгой” төслийн зээл, түүний хүүнд өдөрт 10 тэрбум төгрөг төлнө байгаа гэсэн тооцолол хийсэн байсан. Хүүг бууруулснаар монголчуудын хүртэх өгөөж хэдэн жилээр наашлах боломжтой вэ?
Тийм ээ, бид өдөрт 10 тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд төлж байгаа. Энэ бол их мөнгө. Өнөөдөр төсөв хэлэлцэж байна. Монгол Улсын хүүхэд бүрд сүү уулгах төсөлд 60 тэрбум төгрөг хэрэгтэй, түүнийг хаанаас яаж олох вэ гээд зовж байна. Гэтэл энэ төслийн зээлийн ердөө зургаан өдрийн хүүнд төлөх мөнгө байгаа юм шүү дээ. Үндсэн төлбөр ч биш, зөвхөн хүү. Тийм болохоор нэг өдөр ч болов алдана гэдэг асар үнэтэй тусаж байгаа.
“Онтре”-ийн гэрээг Монгол Улсад ашигтай ашигтай нөхцөлөөр байгуулж чадах юм бол эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэж чадна гэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?
Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох “Жавхлант”, “Шивээ толгой”-н талбай бол стратегийн орд. Тийм учраас бид хэлэлцээрт орох ёстой. Зээлийн хүү ч бай, “Онтре” ч бай, аль алийг нь нааштайгаар шийдвэрлэж чадвал бид Монгол Улс өгөөж хүртэх цаг хугацааг наашлуулж чадна.
Өнөөдөр Засгийн газар шинэ төсөл хэрэгжүүлнэ гэж худал амлахаас илүүтэй өмнөх алдаануудаа засмаар байна. Энэ төслийг үгүйсгэж байгаа зүйл биш. “Оюутолгой” төсөлд олон сайн зүйл бий. Гэхдээ бид засаж сайжруулах ёстой. Хэрвээ байгалийн баялгийн өгөөжийг хэдхэн гэр бүл биш монгол хүн бүр хүртдэг болвол нийтээрээ хариуцлагатай уул уурхайг дэмжих байх гэж бодож байна.