“Оюутолгойн” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшингээс тус төсөл дээр монголын эрх ашгийг хангуулах асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
“Оюутолгой “төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг хэзээ хийж эхлэх вэ?
Миний хувьд 2024 оны 11 дүгээр сараас “Оюутолгой компаний ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж эхэлсэн. Хамгийн түрүүнд анхаарал татсан асуудал бол “Оюутолгой” нь “Рио Тинто”-оос зээл авсан асуудал байгаа. Ойролцоогоор 12 тэрбум ам.долларын өр үүсээд байгаагийн тал нь зээлийн хүү байгаа юм.
Монгол Улс ногдол ашгаа авахын тулд заавал зээлээ бүтэн төлж дуусгасан байх ёстой гэсэн нөхцөлтэй юм билээ. Тэгэхээр Монгол Улс өөрт ногдох зээлийг төлж дууссаны дараа ногдол ашгаа авч эхэлнэ. Тэгэхээр зээлийг хурдан төлж дуусгах хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулж байж, хурдан төлж дуусгана. Долоон жил тутамд нэг удаа зээлийн хүүг авч хэлэлцэхээр гэрээнд тусгасан байгаа. Гэхдээ долоон жилд баригдахгүйгээр бид энэ заалтыг заавал авч хэлэлцэх ёстой гэсэн саналыг миний бие “Оюутолгой” компаний гүйцэтгэх удирдлага болон “Рио Тинто”-д саналаа хүргүүлсэн.
Өнөөдрийн нөхцөл байдал гэрээ байгуулах цаг үеэс их өөрчлөгдсөн. Нэгдүгээрт, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Хоёрдугаарт, “Оюутолгой” компаний олборлодог алт, зэсийн үнэ өсөж байгаа. Гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ цэн өсөж байхад бид зээлийн хүүг бууруулах шаардлага тавих нь зөв. Гуравдугаарт, “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт энэ жилдээ дуусна. Ингэхээр олборлолтын хүчин чадал дээд хэмжээндээ хүрнэ. Дөрөвдүгээрт, олон улсын санхүүгийн зах зээлээс Монгол Улсын Засгийн газар жилийн 5-6 хувийн хүүтэй, хувийн хэвшлийнхэн 7-8 хувийн хүүтэй зээл татах боломж бүрдсэн байгаа. Тэгэхээр “Рио Тинто” өөрийн хамаарал бүхий компаниас авсан зээлдээ 11.2 хувийн хүү төлж байгаа нь зах зээлийн “сунгасан гарын зарчим”-д нийцэхгүй байна гэсэн байр суурьтай байгаа. Үүн дээр ЗГ болон УИХ-аас дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад миний хувьд баяртай байна.
“Оюутолгой” төсөл дээр монголын талын эрх ашиг зарим талаар хангагдахгүй байгаа нь ТУЗ дэх гишүүдийн харьцаа хүч тэнцвэргүй байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?
Тийм ээ, энэ төсөл дээр яагаад ийм олон асуудал шийдэгдэхгүй хуримтлагдаад байдаг юм бэ, яагаад Монгол Улсын тавьсан шаардлага биелэгддэггүй юм бэ гэдэг асуудал үүсэж байгаагийн цаад шалтгаан нь ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь монголын тал, зургаа нь “рио Тинто”-г төлөөлж байгаатай холбоотой.
Өмнө нь “Оюутолгой” компани гурван хувьцаа эзэмшигчтэй байсан бол “Рио Тинто” нэгийг нь худалдаж авснаар ТУЗ-д хүч тэнцвэргүй төлөөлөлтэй болсон. Тиймээс хараат бус гишүүнтэй байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. “Рио Тинто” групп өөрсдөө олон улсын жишгээр ТУЗ-дөө 14 хараат бус гишүүн оруулсан хэрнээ “Оюутолгой”-д үүнийг нэвтрүүлэх хүсэлгүй байгаа.
Нөгөөтэйгүүр, асуудлуудыг шийдвэрлэхдээ монголын талын гишүүдэд мэдээлдэг, санал авдаг жишгийг тогтоох шаардлага тавьж байгаа.
Энэ төслөөс ногдол ашгийн бусаар Монгол Улсад ирж байгаа өгөөжийг хэрхэн дүгнэж байна вэ?
Бид нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр “Оюутолгой” төсөл дээр 17 мянган хүн үндсэн ажилтан болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүний 97 хувь нь монгол залуус байгаа. Энэ хүмүүс олборлолтоо гардаж хийдэг, монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчнүүд бий болсон.