m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.09.25 13:27
1094
Засгийн газар багш нарын цалинг эхний ээлжид улсын дундаж цалинд хүргэхийн төлөө зүтгэх хэрэгтэй

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо өчигдөр багш нарын хамт төв талбайд жагсаж, УИХ, ЗГ-т хандан, багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьсныг Боловсролын сайд П.Наранбаяр хүлээж авсан.

Шаардлагад Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэн, хүүхэд, багачуудад чанартай боловсрол олгох нөхцөлийг хангах, тус салбарт ажиллагсдыг орон тооны цомхотголд хамруулахгүй байх зэрэг гурван үндсэн асуудал тусгасан байна.

Хичээлийн шинэ жил эхлэх үед мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайдад шаардлага хүргүүлж байсан. Тухайн үед П.Наранбаяр сайд “Багш нарын цалинг жилд зургаан хувиар нэмж ирсэн. Цаашид 20 хувиар, гурван жилийн дотор нийт 60 хувиар нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа” хэмээн мэдэгдэж байсан.  Гэхдээ цалин нэмэх шийдвэрийг тэр ганцаараа гаргах боломжгүй. Засгийн газар, ялангуяа ГБХНХ-ын сайд болон Сангийн сайдын дэмжлэг хэрэгтэй.

Уулзалтаас хойш салбарын сайд уг асуудлыг Засгийн газрын  түвшинд тавиад, эхний ээлжид үндсэн цалинг 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн удаатай. Үүнд 560 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг тооцоолол ч гарсан.

Гэтэл Засгийн газраас 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төсөл оруулж ирсэн бөгөөд түүн дотор боловсролын салбарын цалинг нэмэгдүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байгаа юм. Төсөв энэ хэвээрээ батлагдах юм бол 2026 онд багш нарын цалин 25 биш 4.5 хувиар нэмэгдэхээр харагдаж байна.

Багш нар цалингаа 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй. Үнэн хэрэгтээ энэ нь өнөөдрийн нөхцөлд тийм ч өндөр цалин биш. ЕТГ, УИХТГ болон УИХ-ын харъяа байгууллагуудын алба хаагчдын цалинг жил бүр чимээгүйхэн нэмсээр 4.0-5.0 сая төгрөгт хүргэсэн. Бусад төрийн байгууллагуудын ажилтнууд ч дунджаар гурван сая төгрөгийн цалин авч буй. Тэдэн дунд үр дүн муутай, суудал бөглөж, цаг нөхцөөж суудаг хүн цөөнгүй. Өнөөдөр хэн нэгэн нь ажилдаа ирэхгүй байлаа гээд түүний оройн зай төдийлөн үгүйлэгдэхгүй, түүнгүйгээр ажил урагшилж л байдаг. Гэтэл багш хүн нэг цаг ажлаа тасалбал багадаа нэг ангийн 50 сурагч, бүтэн өдөр тасалбал хэдэн зуун сурагч тухайн өдөр, цагт олж авах байсан мэдлэгээр хоцрох эрсдэлтэй.

Нөгөөтэйгүүр, энэ салбарт 98 мянган хүн ажиллаж буй. “Масс” ихтэй болохоор цалинг багахан хувиар нэмэхэд л төсөвт нэлээд ачаалал өгдөг. 1000 ам.долларт хүргэхэд 3.3 их наяд төгрөг хэрэгтэй. Одоохондоо манай улсын төсөвт ахадсан тоо л доо. Тэгэхээр эхний ээлжид ядаж улсын дундаж цалингийн хэмжээнд хүргэх зорилт тавих нь арай бодитой болов уу. 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын дундаж цалин 2.4 сая төгрөг байна. Энэ хэмжээнд хүргэхэд 1.3 их наяд гаруй төгрөг шаардагдах болов уу. Засгийн газар ядаж үүний зүтгэх хэрэгтэй.

Мэдээж, энэ зардлыг нөхөх санхүүжилтийн шинэ эх үүсвэр хэрэгтэй. Хамгийн том боломж нь байгалийн баялгаа ашиглах байдаг. Гэтэл маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Манайхан Шүүх засаглалд итгэдэггүй хэрнээ цаазын ялыг сэргээхийг шаарддагтайгаа адилхан цалин, тэтгэвэр нэмэхийг шаарддаг хэрнээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх уул уурхайг үзэн яддаг. Иймэрхүү логик зөрчилтэй шаардлага нь үе үеийн Засгийн газрын  зовлон байдаг л даа.

Гэсэн хэдий ч “шаварт унасан шарын эзэн” болсон Засгийн газар нүүрсний хулгайчдаараа улсад учруулсан хохирлыг нь төлүүлнэ үү эсвэл зүс буруулан оффшор бүсэд нуусан хууль бус хөрөнгүүдийг хураан авчирна уу, ямар ч байсан толгойгоо ажиллуулах л хэрэгтэй дээ.