ССАЖЗ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номингоос түүний нэр холбогдож буй маргаантай асуудлуудад тайлбар авлаа.
Залуучууд өөрсдөө хөгжүүлээд явж байсан Esport-ыг яагаад төрийн хамааралтай болгочихов?
“MongolZ” багийг Улсын шигшээ багт оруулах хэд хэдэн нөхцөл шаардлага үүссэн. Нэгдүгээрт, Esport дэлхий дахинаа маш хурдтай хөгжиж байгаа. 2028-2032 оны үед Олимпийн нэг төрөл болох нь тодорхой болсон. Тиймээс энэ залуусыг дэмжиж, Монгол Улсын шигшээ багт оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг БТСХ-оос гаргасны дагуу би баталгаажуулж өгсөн.
Нөгөөтэйгүүр, энэ залуучууд олон улсын тэмцээнүүдэд ороход визний хүндрэл гардаг. Хэрэв улсын шигшээ багт орчих юм бол яамнаас албан бичиг гаргах боломжтой болдог. Мөн шигшээ багт орсноор холбоогоороо дамжуулан БТСХ-той гэрээ байгуулах нөхцөл бүрддэг. Энэ гэрээнд шигшээ багийн тамирчдад олгогдох цалин болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тохиолдолд дэмжлэг үзүүлэх боломжуудыг тодорхойлсон. Энэ гэрээг гаргаж ирж, хий улс төржсөн.
Нэмж хэлэхэд, “MongolZ” баг одоогоор олон улсын тэмцээнд оролцоогүй байгаа тул төсвөөс ямар нэг дэмжлэг аваагүй байгаа. Мөн өөрсдөө цалингаа авахгүй, оны эцэст сайн үйлсийн аянд зарцуулна гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ БТСХ-оос гэрээний дагуу тодорхой хэмжээний цалинг холбоо руу нь шилжүүлсэн байсан бөгөөд өөрсдийнх нь хүсэлтээр эргээд буцаасан гэсэн мэдээлэлтэй байгаа. Эдгээр нь надаас хойш болсон тул би сайн мэдлээлэлгүй байна.
Таны гэр бүлийн хүн Esport-ын холбооны удирдлагад байдаг. Энэ нь аүиг сонрхлын зөрчил үүсгэж байгаа юм биш үү?
Манай гэр бүл сүүлийн 10 гаруй жил спортыг дэмжиж ирсэн. “Олимп” гэдэг сургуулийг дотуур байртай нь байгуулж, чөлөөт бөх, жудо, үндэсний бөхийн тамирчдыг үнэ төлбөргүй дасгалжуулж ирсэн. Үүгээрээ дамжуулан олон тамирчдыг амжилтад хүргэсэн. Манай нөхөр намайг сайд болохоос өмнө спортыг дэмждэг байсан. Esport-ыг хэн ч ойлгодоггүй байхад энэ спортын холбоог үүсгэн байгуулж байсан. Үйл ажиллагаанд нь оролцдоггүй.
“Go Mongolia” төслийг дэлхийд сурталчлахад хувийн хэвшлийнхнээс дэмжлэг авсан гэж та мэдэгдэж байсан. Гэтэл төсвөөс мөнгө гаргасан гэдэг асуудал үүсээд байгаа. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлыг бид шат дараалан, урт хугацаатай авч хэрэгжүүлж байгаа. “Go Mongolia” төслийн үр дүн маш өндөр байсан. Бид эдийн засгаа солонгоруулна, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж их ярьдаг. Тэгвэл бид дэлхий дээр 200 оронтой өрсөлдөж байгаа. Монгол Улсыг таньж мэдэхгүйгээр хэн Монголыг зорьж ирэх вэ? Энэ төслийг хэрэгжүүлснээр анх удаа 800 мянган жуулчин ирж, жуулчин бүр 2000 ам.долларын орлого оруулсан. Эдийн засгийн эргэлт 1.6 тэрбум ам.доллар буюу зургаан их наяд орчим төгрөгөөр тэлсэн. Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 31 их наяд гэж тусгасан байна. Тэгвэл энэ мөнгөний бараг 20 хувьтай тэнцэх мөнгийг “Go Mongolia” төсөл эдийн засагт оруулж ирсэн.
2024 онд манай улс аялахад хамгийн тааламжтай орны нэг болсон. Эдийн засгийн индекс ч нэмэгдсэн. Бас Soft power индексээр 14 байр урагшилсан байна. Зээлжих зэрэглэл сайжирсан. Гэх мэтчилэн маш олон эерэг үр дүн бий болсон.
Үүний тулд олон улсын томоохон байгууллагуудтай хамтарч ажилласан нь үнэн. CNN, BBC гэх мэт томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай дөрвөөс таван жил хамтарч ажилласан. 2022, 2023 оны хувьд хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтарч ажилласан. 2024-2026 оны гэрээнүүд дээр төсвөөс мөнгө гаргахаар тусгасан байсан ч гүйцэтгэл хараахан хийгдээгүй байгаа учраас олгогдоогүй байгаа. Эдгээр ажлыг өнөөдөр үргэлжлүүлж байна уу гэдэг дээр анхаарах ёстой. Учир нь БНСУ-аас ирж байгаа жуулчдын тоо 50 мянгаар буурсан байна. Тиймээс ажлаа үргэлжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн үүнийг надаас асуухаас илүүтэй үр дүнг нь анхаарах хэрэгтэй.
Миний хувьд сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсыг олон улсад таниулахад түүнчлэн эдийн засгийн эргэлт, худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан.