Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.09.26 11:28
1219
“Жүр Үр” ХХК-ийн шинэ үйлдвэрийн нээлт өнөөдөр /2025.09.26/ болно

Үндэсний манлай үйлдвэр “Жүр Үр” ХХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 10.000 кв.м талбай бүхий шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад оруулан хүчин чадлаа нэмэгдүүллээ.

Энэхүү шинэ үйлдвэрийн нээлт өнөөдөр/2025.09.26/ 14:00 цагт болно.

Нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон хамтран ажилладаг түнш байгууллагын төлөөллүүд оролцож, хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн тус бүтээн байгуулалттай танилцах юм.

2025 оны эхний хагас жилд ДНБ 5,6 хувиар өсжээ. Үүний 3,6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүлсэн байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна.

“Хүсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 36-р тогтоол батлагдан төрийн 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, журам, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа юм.

Үүний үр дүнд 1,2 их наяд гаран төгрөгийн 3-5 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 3200 орчим аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдэд олгож гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын төлөө хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид ажиллаж байна. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний 80 орчим үйлдвэр шинээр ашиглалтад орон тус хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй өрнөж байгаа юм.