УИХ-ын энэ өдөр /2025.09.26/-ийн нэгдсэн чуулган ҮХЦ-ийн энэ оны 04 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээр эхэллээ. Монгол Улсын Их хурлын 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасан байдаг. Уг заалт дахь “дутуу” гэсэн үг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг буюу “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж, нэр бүхий иргэд ҮХЦ-д гомдол гаргасан.
ҮХЦ энэ оны 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, иргэдийн гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх заалт дахь “дутуу” гэсэн үгийг хасах агуулга бүхий 4 дүгээр дүгнэлтээ гаргасан байдаг.
Шийдвэрээ 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд заасан хугацаанд хуралдаж, санал дүгнэлтээ гарган, 5 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлсэн байна.
Гэхдээ тэр өдөр гишүүд ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцэхдээ үг хэлж, асуултдаа хариулт авсан ч ямар нэг шийдвэр гаргаагүй орхисон байсан. Ийнхүү бараг таван сарын дараа уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхдээ шууд санал хураалаа.
Байнгын хороодоос цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байсан бөгөөд өнөөдөр нэгдсэн чуулганаар уг санал, дүгнэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 88 гишүүнээс 55 нь дэмжсэнээр иргэдийн чөлөөтэй сонгох эрхээ эдлэх гэсэн хүсэл хана мөргөлөө.
Уг нь Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.10-т “Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.” гэж маш тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойрогт нэг ч нэр дэвшигч болон нам, эвслийг сонгоогүй бол хэнийг ч дэмжээгүй гэж үзэх бөгөөд уг саналыг хүчинтэйд тооцно гэж заасан хэрнээ есөн мандат дээр дэмжсэн хүнээ дугуйлаад, нэгийг нь дугуйлахгүй орхихоор хүчингүй санал болгочихдог.
Гэтэл үлдсэн нэр дэвшигчид дотор үнэхээр дэмжих, таалагдах хүн байсан ч дутуу дугуйлахаар санал маань хүчингүй болно гэсэн айдсаар сонгогч хэнийг ч хамаагүй дугуйлдаг. Энэ нь өнөөх “чөлөөтэй сонгоно” гэж Үндсэн хуулиар олгосон эрхийг маань шууд нухчин дарчихаж байгаа юм л даа.
Ардчиллыг сахин хамгаалах үүрэгтэй парламент нь өөрөө сонголтгүй сонголтыг иргэддээ тулгасан хууль батлаад, түүнийгээ дахин хамгаалж байгаа нь эмгэнэл юм.
ҮХЦ бол Үндсэн хуулийн “манаач”. Тийм ч учраас УИХ-аас баталж байгаа хуулийн үг, үсэг бүрийг хянаж, хэрвээ Үндсэн хуультай зөрчилдсөн заалт байх аваас парламентад хэлж сануулах үүрэгтэй. Гэхдээ манай практикт дандаа иргэд өөрсдөө санал гомдол гаргаж байж, хуулийн зөрчил бүхий асуудлыг олны анхааралд оруулж ирдэг. Гэсэн хэдий ч энэ удаа ҮХЦ иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах шийдвэр гаргасанд нь сайшаамаар ч УИХ-аас дэмжлэг авч чадсангүй.