Ардын намын даргын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд өрсөлдөгч талууд эцсийн “сумаа” тавьцгааж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Лхагвын тойм” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага тэр чигээрээ нэр дэвшигч Д.Амарбаягалан болон түүний ар тал гэгдэх Л.Оюун-Эрдэний эсрэг агуулгатай байлаа. Хууль зүйн сайдын алба хашиж байсан, төрийн өндөр албан тушаалтан хүн амины хэрэг, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, дарамталсан гэх хэргүүдийн эзэн холбогдогчдыг мэдэж байсан гэх хэрнээ удтал “амаа үдэж” явснаа намынхаа дотоод сонгуулийн өмнө дэлхийгээр дүүрэн зарлаж байгаагийн цаадах ашиг сонирхол хэнд ч ойлгомжтой байв.
Тэрээр ярьсан “кейс”-үүдээрээ өөрөө хэд хэдэн гэмт хэргийг нуун дарагдуулснаа ч илчлээд орхисон. Зүгээр ч нэг иргэн биш, шударга ёсыг сахиулах үүрэгтэй Хууль зүйн сайд байсан хүн шүү дээ. Одоо АТГ, ТЕГ, цагдаа, шүүх нь түүний ярьсан хэргүүдийн мөрөөр ажлаа хийж, энэ олон эргэлзээ дагуулсан асуудлуудад эцсийн цэгийг тавих хэрэгтэй.
Б.Энхбаярын өгсөн “мэссэж”-үүдийн хариуд Д.Амарбаясгалан тайлбар хийхээр шуурхай хөдөлж, өмнөө хэвлэлийнхнийг “чуулуулсан”. Түүний нэр холбогдсон бүх сөрөг мэдээлэлд өөрийгөө ямар ч гэмгүй гэдэг хариулт өгсөн.
Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд ч мөн Д.Амарбаясгаланг “нүүрсний хамгийн том хулгайч” гэдгийг дахин зарлалаа. МХЕГ-ын даргаас эхлээд УИХ-ын гишүүн хүртэл алба хашиж, эрх мэдэлд дулдуйдаж явсан он жилүүд түүнд бий. Оймсноос нь 10 мянган ам.доллар гарсан МХЕГ-ын зартай авлигачин Н.Баярсайхан нь Ш.Раднаасэдийн ойрын хүн байсан нь нотлогдсоноор тэрээр УИХ-д нэр дэвших квотоо алдаж байсан удаатай. Гэтэл өнөөдөр "энхий цагаан тагтаа" болчихсон, андынхаа өрсөлдөгчийг "намнаж" сууна.
Гэхдээ Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нарын хэн нь ч баримт харуулсангүй. Чээжний пангаараа сэжиг таамгуудаа л илэрхийллээ. Үр дүнд нь намынх нь нөхөд төдийгүй нийгмээрээ талцан хуваагдаж байна. Нэг хэсэг нь итгэл үнэмшлээрээ хэн нэгийг нь дэмжиж, нөгөөг нь шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь мөнгөөр “угжсаныг” нь магтан дуулж, нөгөөг нь “булшилсаар”.
Хэдий болтол бид хэдэн дарга нарын тоглоомд автаж, өнөөдөр нэг сэдвийг өндрийг нь авахуулж, маргааш нь өөр сэдэв рүү хошуурцгаах вэ. Илүү хэрсүү байж, үр дүн нэхэж, хариуцлага хүлээлгэж сурцгаая. Улс төрчид нь хэлснээ нотолж чадахгүй бол нийгэмд “сэдэв” хаяж, өгөөш чулууддаг увайгүй арга барилаас татгалзахыг шаардацгаая. Хуулийн байгууллагууд нь эцэс төгсгөлгүй энэ олон сэжиг таамгийг цаг алдалгүй шалгаж, буруутайд нь хуулийн хариуцлага хүлээлгэж, буруугүйг нь цагаатгаж, нэг мөр эцэслэдэг байя!
МАН-ын Бага хурал маргааш болно. Mass.mn сайтын сурвалжлах баг газар дээр нь ажиллаж, мэдээллийг шууд, шуурхай хүргэнэ. Манай уншигч, үзэгчид Бага хурлын гишүүдээс асуух асуулт болон сонин содон мэдээлэл өгөх нь нээлттэй шүү.