Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.09.26 13:47
625
Э.БАТШУГАР: Ирэх жилээс Виртуаль бүс байгуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар мэдээлэл, технологийн салбар, тэр дундаа хйимэл оюун ухааныг хөгжүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:

Засгийн газрын 100 хоногийн тохиолдуулан ICT форумыг зохион байгуулж байна. Мэдээлэл техологийг хөгжүүлэх чиглэлээд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ аваад байна. Нэгдүгээрт, өнгөрсөн онд баталсан Мэдээлэл технологийг дэмжих тухай хуулийн дагуу Засгийн газар хоёр долоо хоногийн өмнө “Виртуаль бүс”-ийн тухай журмыг баталсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт эдийн засгийн хоёр хувийг IT-ын салбар эзэлж байгаа. Тиймээс таван хувьд хүргэж, эдийн засгаа солонгоруулах зорилго тавьсан.

Гарааны компаниудтай уулзаж байхад олон асуудал ярьж байсан. Тэдгээрийг шийдэхийн тулд Виртуаль бүсийг 2026 оноос ажиллуулж эхэлнэ. Энэ бүсэд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлнө. НДШ-ийг нөхөн олгоно. Хиймэл оюун ухаан дээр суурилсан бүтээгдэхүүн гаргавал судалгаа болон хөгжүүлэлтийн зардлын 40 хувийг төрөөс нөхөн олгоно. Хэрэв бүтээгдэхүүнээ экспортод гаргавал хөгжүүлэлтийн зардлынх нь 70 хувийг олгоно. Ингэж бодлогын дэмжлэг үзүүлснээр энэ салбар хөгжих таатай нөхцөл бүрдэж байгаа юм. IT-ын салбар амжилттай хөгжсөн улс орнуудын туршлагыг харахад, дандаа хууль баталж, бодлогын дэмжлэг үзүүлсэн байдаг.

Намайг гадаадад явж байхад нэг гадаад хүн “Монголын давуу тал юу юм бэ?” гэж асуусан. “Залуучууд” гэж би хариулсан. Манай залуучууд маш их оюуны потенциальтай. Одоогийн байдлаар манай улс хиймэл оюун ухааны индексээр дэлхийд 93 дугаар байранд байгаа. Гэхдээ таван жилийн дотор азидаа эхний аравт орж чадна. Би яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр, таван жилийн өмнө бид цахим засаглалын индексээр дэлхийд 92 дугаар байранд байсан бол өнөөдөр 46-д, азидаа 13-т эрэмбэлэгдэж байна. Далайд гарцгүй орнуудын тухайд, тэргүүлж байгаа гэлээ.