УИХ-ын гишүүн асан Цэрэндунцагийн хүү Санжаачойпэл болон "Эрэл"-ийн Эрдэнбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар өнгөрсөн долоодугаар сарын 19-ий шөнө хүүхдийн 100 орчимд Д.С-ийн биед халдаж, үймээн үүсгэсэн. Шүүхээс тэднийг 30 хоногийн хугацаатай цагдан хориод байсан.
Тэгвэл энэ сарын 17-ны өдөр Прокуророос яллагдагч Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай саналыг шүүхэд гаргасан ч хууль зүйн үндэслэл тодорхойгүй гэж үзэн прокурорын саналыг хангахаас татгалзаж, батлан даалтад гаргаж, Э.Тэмүүлэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Харин 09 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хүсэлтийг өгчээ.
Шүүхээс 09 сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.Санжаачойпэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 09 сарын 27-ны өдрөөс өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.