Үндэсний манлай үйлдвэр “Жүр Үр” ХХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 10.000 кв.м талбай бүхий шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад оруулан хүчин чадлаа нэмэгдүүллээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн хамтран ажилладаг түнш байгууллагын төлөөллүүд оролцож, хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн тус бүтээн байгуулалттай танилцсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: ““Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 36-р тогтоол батлагдан төрийн 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, журам, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд 1,2 их наяд гаран төгрөгийн 3-5 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 3200 орчим аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгож хүнсний 50 орчим үйлдвэр шинээр ашиглалтад орон тус хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй өрнөж байна. Монгол улс маань уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэлээр хөгжих боломж өдөр бүр нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.
Анх 1998 онд бялуу үйлдвэрлэж эхлүүлсэн гэр бүлийн бизнес жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр 1200 ажиллагсадтай, Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотод нийт 36 салбартай, Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжийн нэг, томоохон үндэсний үйлдвэрлэгч болж өргөжин тэлжээ. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 27 жил тасралтгүй хөгжсөөр салбартаа тэргүүлэн ажиллахдаа 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж, монголчуудын таашаал, амтлах мэдрэмжид нийцсэн “Жүр Үр” хэмээх үндэсний, олны танил брэнд болтлоо өсөн дэвжжээ.
2025 оны эхний хагас жилд ДНБ 5,6 хувиар өсжээ. Үүний 3,6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүлсэн байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна.
Үйлдвэрийн нээлтийн үеэр “Жүр үр” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхзул: “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгчдээ дэмжин ажилласан төрийн зөв бодлогын үр дүнд “Жүр Үр”-ийн хамт олны 27 жилийн хичээл зүтгэл, хөлс хүч, итгэл сэтгэл шингэсэн шинэхэн үйлдвэр маань нээлтээ хийж байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гурилан бүтээгдэхүүний салбарыг анх удаа төрөөс бодлогоор дэмжсэнд манай салбарынхан баяртай байна. Энэ бол бодлогын гадна үлдсэн салбаруудыг хамруулж чадсан, цагаа олсон хөтөлбөр болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.
Үндэсний үйлдвэрлэгч “Жүр Үр” компани бялуу, бейкери бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан 4575 ам.метр үйлдвэрлэлийн талбай, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал хадгалах 915 ам.метр талбай бүхий хөлдөөх агуулах, 270 ам.метр талбайтай хөргөх агуулахуудыг төлөвлөжээ.
Мөн олон улсын GMP, GHP стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийг байгуулснаар салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой болжээ.