УИХ-ын гишүүн М.Мандхайгаас түүний өргөн барьсан хуулийн төслийн талаар тодрууллаа.
Хүнсний тухай хуулийн төслийг дагалдах дөрвөн хуулийн төсөл уначихлаа. Санаачлагчийн тухайд тайлбар хэлнэ үү?
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өнгөрөгч дөрөв дүгээр сард боловсруулаад, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Засгийн газраас санал асууж, олон нийтээр хэлэлцүүлдэг. Гэвч ЗГХЭГ-ын дарга хууль зөрчсөн байна гэсэн үндэслэлээр дагалдах дөрвөн хуулийг унагаасан. Өргөн барьсан хуулийн төсөлтэй танилцаагүй, өмнөх төслийн хүрээнд ярьж, асуудал үүсгэчих шиг боллоо. Гэсэн хэдий ч Хөдөө аж ахуйн хуулийн төсөл маань үзэл баримтлалын хувьд дэмжигдсэн. Тийм болохоор ямар ч байсан хэлэлцүүлээд батлуулахыг зорьж байна.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлдөө ЗГ-аас санал авдаг ч гэсэн ирүүлсэн санал бүрийг төсөлд тусгах үүрэг хуулиар хүлээдэггүй биз дээ?
Тийм ээ. Хууль санаачлагчийн хувьд санал нийлээгүй саналыг заавал тусгах албагүй. Засгийн газар саналаа ирүүлснээс хойш бид гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр ЗГ-аас ирүүлсэн саналыг эрдэмтэд, судлаачидтай ярилцан сайжрууллаа. Өргөн барьсан төсөльд ЗГ-ын зарим саналыг тусгасан байгаа.
Угаасаа бэлчээрийн газрыг тариалангийн зориулалтаар ашиглах эсвэл уул уурхайн олборлолт явуулах, сургууль, цэцэрлэг барих гэхчлэн өөр зориулалтаар ашиглаж байгаа л бол тухайн орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэдэг байх ёстой. Гэвч энэ заалтыг дэмжсэнгүй. Орон нутгаас санал аваагүйгээс болж, маргаан үүсдэг. Хайгуул нь дүүрч гэхэд, гэнэт олборлоод эхэлдэг. Гэтэл орон нутгаас санал аваагүй гэдэг маргаан үүсдэг. Тиймээс нутагт нь үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тухайн орон нутгийн иргэдээс асуудаг байя гэж байгаа юм.