m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2025.09.29 15:17
254
П.САЙНЗОРИГ: Бид “Оюутолгой” төслийн 34 хувиа тусгай АМНАТ-өөр орлуулж, “Рио Тинто”-той хэлэлцээрт орох ёстой

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос “Оюутолгйо” төсөл болон “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй хоёр талбайн талаар байр суурийг нь тодрууллаа.

“Оюутолгой” төслийн зээлийн хүүг хэлэлцэх хугацаа хоног хоногоор хорогдоод байна. Гэтэл ажил урагшлахгүй байна. Таны байр суурийг сонсъё?

Том зургаараа “Оюутолгой” бол монголын ололт гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Монголын залуучууд том бүтээн байгуулалтад оролцож сурлаа. Мэдлэг эзэмшлээ. Гэхдээ байгалийн баялгаас ард түмэнд оногдох хэсгийг бодитой болгохгүй бол болохгүй.

Монгол Улс “Оюутолгой” төслийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд энд орж ирж байгаа зээл бүрийн 34 хувийг мөн төлөлцдөг. 11.2 хувь буюу маш өндөр хүүтэй байгаа. Зээлийн хүүг долоон жил тутамд хэлэлцэх ёстой. Өнөөдөр 9 дүгээр сарын 29. Гуравхан сарын хугацаа үлдчихээд байхад бодит үр дүн гарахааргүй, бид энэ боломжоо алдах шинжтэй байна.

Миний хувьд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байхдаа энэ Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Монгол Улс дээр бичигдчихээд байсан 2.3 тэрбум ам.долларын  өрийг тэглэхээс эхлээд маргаантай 12 асуудлын есийг нь хэлэлцээрийн шатанд тохирсон. Зээлийн хүү болон менежмэнт гэхчлэн гурван асуудал үлдсэн байдаг. Эдгээрийг шийдвэрлэн урагшлах боломж байсан ч өнөөдрийн байдлаар миний хувьд итгэл алга байна. Тодорхой асуудлуудыг гурваас дөрвөн сайд хувааж авсан, сүүлдээ бие бие рүүгээ чихсэн байдалтай, хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна. Эндээс монголын ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэдэгт би итгэхгүй байгаа.

Бид “Оюутолгой” төслийн 34 хувиа тусгай АМНАТ-өөр орлуулж, “Рио Тинто”-той хэлэлцээрт орох ёстой. Тэгж гэмээнэ бид өгөөжөө хүртэнэ. Манай “Эрдэнэт” маш өндөр АМНАТ төлж байхад энэ нөхөд яагаад маш хөнгөлөлттэй АМНАТ төлөх ёстой юм бэ!

Энэ зөрүүгээс болоод зэс гэх мэт дараагийн төслүүд хөдөлж чадахгүй байна. Хэрэв дахиад долоон жил алдчих юм бол бидний авах ашиг ч хойшилно. Төслийн гол үүцийг ашиглаж дууссаны дараа буюу мөнгөн урсгал хаагдсаны дараа бид асуудлыг ярих гээд байна. Одоо мөнгөн урсгал өндөр байгаа дээр бид авах ёстой юмаа авах хэрэгтэй.

“Онтре” ХХК-ийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

Уул уурхайн яам Оюутолгойн бүлэг орд гэдгийг анхнаасаа тогтоож өгөөгүй байж, далд уурхайн бүтээн байгуулалтын дараа тогтоогоод өгчихсөн. Энэ талбайд нь хамаарч байгаа “Жавхлант”, ”Шивээт” гэсэн “Онтре” ХХК-ийн эзэмэшиж байгаа хоёр талбай дээр маргаан үүсэж байгаа юм. Хөрөнгө оруулагч “Рио Тинто”-д хандаж хэлэхэд, Жавхлант”, ”Шивээт” бол хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг биш. Бид үүнийг өөр зарчмаар дахиж ярих ёстой. Монгол Улсын эрх ашиг үүн дээр бүрэн хангагдах ёстой.