Монголын улс төрийн тавцанд үе үе “гал дүрэлздэг”. Улс төрчдийн зарим нь галыг унтраадаг бол зарим нь асаадаг. Харин гурав дахь хэсэг нь галыг унтраах дүр эсгээд “бензин барьж зогсдог”. Тэд төрийн тогтвортой байдалд санаа зовсон дүр эсгэж, хагарлыг өдөөж, дундаас нь хожоо хайдаг улс төрийн технологи ашигладаг.
Хамгийн сүүлийн жишээ бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл. Тэрээр ардаа “бензинтэй канестр”-аа нуучихаад, “Гал дүрэлзээд байна!” хэмээн хашгирсан. Тодруулбал, О.Цогтгэрэл нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “МАН эхлээд даргын сунгаатай холбоотой маргаанаа эцэслэчих. Бас Б.Энхбаярын хэлсэн олон ноцтой гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа Д.Амарбаясгалангаа хуулийн байгууллагаар шалгуул. Ийм хүн парламентыг удирдах эрх байхгүй. Эдгээр асуудлыг шийдтэл төсвийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна.” хэмээн мэдэгдсэн.
Тийм ээ, МАН-ынхан нийтэд ил болсон энэ олон хүн амины хэрэг, бизнесийн дээрэм, заналхийлэл гэх мэт ноцтой хэргүүдээ хууль, хяналтынхнаар шалгуулж, эцэслээд, буруутай этгээдүүдэд хариуцлагыг нь хүлээлгээд, буруугүй бол цагаатгаад нэг тийш шийдэхгүй бол энэ нийгмийг муу муухай мэдээнд дасгаж, дөжрүүлэх нь байна. Эцэстээ бид хэн ч юу ч хэлсэн үнэмшихээ байж, эсвэл хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн ямар ч аюултай гэмт хэрэг хийсэн “Намайг улс төрийн зорилгоор харлуулж байна” хэмээн өөрийгөө хаацайлж өнгөрсөөр л байх болно.
Гэхдээ О.Цогтгэрэлийн сүржин мэдэгдлийн цаана Г.Занданшатарыг л дэмжиж үлдээх санаархал нуугдаж буй. Тэрээр сүүлийн үед Ц.Элбэгдоржийн бүлэглэлтэй сүжрэх болсон. Ц.Элбэгдорж нь MCS-ийнхэнтэй “нэг хөнжил”-д орсон. MCS нь өнөөгийн төрийн тэргүүнтэй ойр. Энэ гинжин хэлхээс хөвөрсөөр О.Цогтгэрэл нар Г.Занданшатарыг дэмжих шалтгаан үүсгэж байгаа юм. Өмнө нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд АН-ын бүлгийнхэн ямар ч эсэргүүцэлгүйгээр дэмжин батлалцсан. Энэ удаа ч бас Бүлгийн дарга, Намын дарга гэсэн “давхар дээл”-тэй О.Цогтгэрэлийнхээ үгийг дагаж, Д.Амарбаясгаланг бойкотолж байгаа ч энэ нь тэгтлээ газар авахгүй л болов уу. Учир нь Төсвийн тухай хуулийг 11 дүгээр сарын 15-ны дотор амжиж батлахгүй бол МАН, АН гэлтгүй парламент бүтнээрээ огцрох нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн жилүүдэд МАН, АН-ын байр солигдсон гэхэд болно. 2019 онд МАН-ын УИХ дахь бүлэг нь 33, 32-ын бүлэгт хуваагдаж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж аваад дотоод зөрчил нь хэсэг намжсан. Өнгөрөгч өвлөөс Л.Оюун-Эрдэнийг унагаах лобби ил, далд хийгдэж, бэр, хүү хоёрынх нь тансаглал шалтаг болж, санасандаа хүрцгээсэн. Энэ удаа хагарсан цав нь тийм ч амар эргэж нийлэхгүй болов уу. Учир нь намын даргын сунгаа процедурын хувьд ихээхэн маргаан дагуулж байгаа тул Дээд шүүх бүртгэх эсэх нь эргэлзээтэй. Д.Амарбаясгалан даргаар бүртгүүллээ гэхэд дараа нь Ерөнхий сайдаа авна, нөгөөх нь өгөхгүй гэнэ. Энэ намын зовлон төрийн зовлон болтлоо цар хүрээгээ тэлсэн нь үнэн.
Ийнхүү МАН-ынхан өөр хоорондоо зодолдож байхад олон жил дотоод зөрчлөө нийгэмд дэлгэж ирсэн, бүр хоёр дарга, хоёр тамгатай ч үеийг туулсан, эцэст нь нэгдэж чадсан АН-ынхан харин намын даргаа сонгохдоо өрсөлдөгчдийнхөө дунд нээлттэй мэтгэлцээн явуулж, санал хураалтаа ч хэрүүл тэмцэлгүйгээр зохион байгуулж чадсан. Одоо тэд гадагшаа нэг цонхоор харж, МАН-ын хагарлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхээр галыг өрдөж сууна. Улс төр л юм даа.