Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” сэдэвт чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.
Чуулганд ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир болон салбарын мэргэжилтнүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагшаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ХБИ оролцож байна.
Монгол Улс 2019 онд соёрхон баталсан, НҮБ-аас 2006 онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц”-ын 25, 26 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдын адил чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, ялангуяа сэргээн засах тусламж үйлчилгээгээр хангах, тэдний бие даах чадварыг дэмжиж, нийгэмд бүрэн оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг.
Сүүлийн жилүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаарх ойлголт өргөжиж, хүний эрхэд суурилсан хандлагад тулгуурлах болсон ч бодлого, бүтэц, санхүүжилт, хүний нөөц, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тогтолцоонд бүрэн нэгтгэх тал дээр нэгдсэн ойлголт, мэдлэг дутмаг хэвээр байна. Түүнчлэн шинэ нэр томьёо хэрэглээнд нэвтэрч байгаа хэдий ч нийтлэг ойлголтыг бий болгох шаардлага тулгарч байгаа тул энэхүү чуулганыг зохион байгуулж байна гэдгээ зохион байгуулагчид хэлж байв.
Чуулганы зорилго нь сэргээн засах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн замын зураглал гаргах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байгаа аж.
Энэ удаагийн чуулганаар ДЭМБ болон Сэргээн засахын олон улсын байгууллагаас (Rehabilitation International) дэлхий дахинд баримталж буй бодлого, стратегийг танилцуулах бөгөөд “Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг” салбарын судалгаа, анхан шатны мэдээллийг хуваалцлаа. Төрийн байгууллага, олон улсын байгууллага, ТББ, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, сэргээн засах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх арга зам, бодлого, туршлага, шийдлийг хэлэлцэж байна.
Чуулганаас бодлогын зөвлөмж гарч, замын зураглалыг оролцогч талууд хамтран боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд энэ нь НҮБ-ын Конвенц болон ДЭМБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэж зохино байгуулагчийн зүгээс үзэж байгаагаа илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээ нь 2025 оны 5 дугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилт”-ийн хэлэлцүүлгийн үргэлжлэл юм. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сэргээн засах салбарын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож байна.